УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг

Анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд хийсэн. Бөөр шилжүүлэн суулгах баг 2006 онд байгуулагдсан.

Англи улсын иргэн проф. Маурис Слапак, DHL компаний захирал Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч сувилагч нар 1- 6 сарын  хугацаатайгаар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцаж ирсэн. 2000онд  БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000$-ын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. 2006 оноос өнөөдрийг хүртэл бөөр шилжүүлэн суулгах баг нь МУ-ын  иргэнд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 153 хүнд, үүнээс 12 хүнд тархи нь үхсэн донороос буюу кадавр донороос бөөр шижүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна. Эмчилгээний үр дүн 93%-тай байна.

Энэ хугацаанд Засгийн газар болон төсвөөс бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дэмжиж ямар нэг санхүүжилт хийгдээгүй байна.

Монгол Улсад нийт 15 гемодиализын төвд 170 аппаратанд 650 гаруй эмчлүүлэгч эмчилгээнд тогтмол орж байна. Үүнээс УНТЭ-т 170 гаруй хүн 7 хоногт 2-3 удаа гемодиализын эмчилгээнд (бөөр орлуулах аппарат) орж байна. Мөн 150 гаруй хүн хүлээлтэнд байдаг гэсэн тооцоо байна. Гемодиализын нэг удаагийн эмчилгээний өртөг нь 120-140$ байдаг. Мөн жил бүр бөөрний архаг дутагдалд орсон 130-150 хүн шинээр бүртгэгдэж байна (ЭМХТөв, 2015). Ингээд тооцвол хир их хэмжээний зардал гемодиализын эмчилгээнд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой. Эдгээр хүмүүсийн 70-80%-д бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай байдаг.

Зургийн цомог - Бөөр шилжүүлэн суулгах баг

Бөөр шилжүүлэн суулгах багийн үүсэл

УНТЭ дээр Монгол улсад хийгдэж буй Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 2006 оноос төвлөрөн ажиллаж буй бөгөөд багийн эмч мэргэжилтэн боловсон хүчинд тулгуурлан тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангагдсан оношлогоо, эмчилгээ сувилгаа, хяналтын нэгдсэн үйл ажиллагааны суурь тавигдсан билээ.  БШС багийн үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг БШС төв, институттэй хамтран ажиллах, мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг УНТЭ дээр нэгтгэн ажиллаж байна.

ДЭМБ болон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг кадавер донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнээс илүүтэйгээр хийхийг зөвлөсөн байдаг. УНТЭ-ийн ЭШСТөв нь Монгол улсын Донорын тухай хуулийн заалтуудыг баримтлан, улсын 3-р зэрэглэлийн эмнэлэгүүдэд тархины үхэл тодорхойлох багуудыг байгуулан, хамтран ажиллах гэрээ хийж, гэрээний дагуу хэрхэн ажиллах тухай дүрэм журам боловсруулан ажиллаж байна. Үүний зэрэгцээгээр олон нийтэд Донорын тухай хуулийг ухуулан таниулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх төлөвлөгөө боловсруулж байна.

УНТЭ-т Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Бөөр шилжүүлэн суулгах багийн эмч нарын хяналтанд бүртгэлтэй байгаа нийт үйлчлүүлэгчдийн 1 жил хүртэлх амьдралын чанар нь 98%, 5 жилээс дээш  95%-ийн үзүүлэлттэй хяналтанд эмчлэгдэж байна. Эдгээр амжилтын зэрэгцээ бид цаашид Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсын түвшинд хүртэл хөгжүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудал байна.

Зургийн цомог - Бөөр шилжүүлэн суулгах баг

Бөөр шилжүүлэн суулгах багийн хөгжил

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 100+

Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж, хэзээд анхдагч, манлайлагч байхаар алсын хараагаа тодорхойлон ажилласаар 2015 онд түүхэн 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Түүхт ойн жилдээ эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр "Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 100+", "Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын 2-р наадам", "Донорын тухай хуулийг шинэчлэн боловсруулах", "Евро-Азийн бүсийн эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын эрдэм шинжилгээний конференц" зэрэг чухал үйл явдлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

УНТЭ нь 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрхтэн шилжүүлэх Үндэсний багийхан анхны бөөр шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж байсан түүхтэй. Үүнээс хойш 100 дахь хагалгааг хийх гэж байна. УНТЭ нь эмч нараа Хятад, Солонгос, Тайланд, Банконг, Англи, Финландад сургаж туршлагажуулсанаар өнөөдрийн ийм амжилтанд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн. Үүнээс онцлоод Английн Профессор М.Слапакын хувь нэмэр асар их юм.

2015 онд УНТЭ-т 100 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, 20 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаа, 2 дахь ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнүүд хийгдэхээр төлөвлөгдсөн билээ. Москвагаас Бээжин хүртэл Төв Азийн хэсэгт энэхүү өндөр технологиудыг гурвууланг нь нутагшуулсан улс орон байхгүй юм.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон эдгээр өндөр технологиудыг өнөөдрийг хүртэл нэр төртэйгөөр авч явж байна. Энэхүү технологийг нутагшуулахад Англи, БНСУ-ын олон эмч, сувилагч мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр шингэсэн билээ. Цаашид иргэдийнхээ эрүүл мэнд, урт наслалтыг дэмжихэд анагаах ухаанд гарч буй технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх, нутагшуулах асуудал чухал байгаа учир УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон бүх хүчээ дайчлан ажиллах болно.

Зургийн цомог - Бөөр шилжүүлэн суулгах баг

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал 100+

Санал хүсэлт