Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний товч мэдээлэл
Монгол улсад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологи Бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар эхэлсэн болно. Анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын клиникийн төв эмнэлэгт 1996 онд хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Монгол улсад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр төвлөрөн хийгдэж, хөгжин дэвжиж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Бөөр шилжүүлэн суулгах баг 2006 онд байгуулагдсан. Энэ хугацаанд БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000$-ын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. 2006 оноос өнөөдрийг хүртэл бөөр шилжүүлэн суулгах баг нь МУ-ын 154 иргэнд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан ба тэдгээрээс 12 хүнд амьгүй буюу кадавер донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийгээд байна. Өнөөгийн байдлаар УНТЭ-т 170 гаруй хүн 7 хоногт 2-3 удаа гемодиализын эмчилгээнд орж байна. Гемодиализын нэг удаагийн эмчилгээний өртөг нь 120-140$ байдаг.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдсан. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний төслийн хүрээнд 2011 онд ЗГ-аас 600 сая төгрөг, 2012 онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН төвийн Элэг шилжүүлэн суулгах багын хамт олонтой хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор нийт 45 эмчлүүлэгчдэд амьд донороос, 1 эмчлүүлэгчид тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байна. 2014 оны 1 сард анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Эдгээрээс амьд донороос элэг шилжүүлэн суулгах 15 мэс заслын эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах баг бие даан амжилттай хийж гүйцэтгэсэн.
УНТЭ-ийн Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2010 онд байгуулагдсан. Ясны чөмөг шилжүүлэн суулгах төслийн хүрээнд 2010 онд Засгийн газрын төсвөөс 300 сая төгрөгийн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. 2012 онд энэ төслийг дэмжиж Засгийн газар нэмэлт 2.6 тэрбум төгрөгний санхүүжилт өгч Класс 100 фильтр бүхий ариу, иж бүрэн тоноглогдсон хэсгийг дэлхийн стандартын дагуу барьж байгуулсан. Ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгахад шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсоны үр дүнд 2014 оны 2 сард анхны ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн ба одоо 8 хүнд уг эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байна. Цусны хавдар болон хавдар төст эмгэг МУ-д жилд 50 орчим том хүн, хүүхдэд оношлогддог байна.
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг
Бөөр шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагааг тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байлгаж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Бөөр шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах төв
Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр Эрхтэн шилжүүлэн суулгах төв 2012 онд байгуулагдсан. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон эмчлүүлэгч нарын мэс заслын болон мэс заслын дараахь нарийн түвэгтэй, мэдлэг, дадлага туршлага, тэсвэр тэвчээр шаардсан эрчимт эмчилгээний хүнд хүчир ажлыг Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, сувилагч, үйлчлэгч нар бөөр болон элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдийн хамт хийж гүйцэтгэдэг.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтэн боловсон хүчин тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэн ажиллаж байна.