card

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр Эрхтэн шилжүүлэн суулгах төв 2012 онд байгуулагдсан бөгөөд тус төвийг 2016 оны 1-р улиралд УНТЭ-ийн өргөтгөлийн байрны  2 давхарт 3 боксын өрөөтэй, 2 том өрөөтэй,  нийт 8 ортой, 8 оронд хяналтын монитор, ханын хүчилтөрөгч, вакуум соруулга, бусад цахилгаан хэрэгсэл зэрэг эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон шинэ байранд нүүлгэн шилжүүлж 2016 оны 04 дүгээр сарын 20-нд нээлтийн үйл ажиллагааг хийсэн. Уг төв ЭШС эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарыг болон тэдгээрийн доноруудыг бүртгэж, хяналтандаа авч зохих эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээнүүдийг бүрдүүлж, бэлтгэлийг хангадаг. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон эмчлүүлэгч нарын мэс заслын болон мэс заслын дараахь эрчимт эмчилгээнд шаардлагатай бүх эм тариа, ороох боох материал, цус, цусан бүтээгдэхүүн зэргийн захиалга хангалтыг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээгээр ЭШС эмчилгээтэй холбоотой бүх эрх зүйн актуудыг бэлтгэн эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд нэг бүрчлэн танилцуулж гэрээ байгуулан баталгаажуулах зэрэг олон талт ажлыг гүйцэтгэдэг. ЭШС мэс заслын дараах хамгийн нарийн түвэгтэй, мэдлэг, дадлага туршлага, тэсвэр тэвчээр шаардсан эрчимт эмчилгээний хүнд хүчир ажлыг ЭШСТөвийн эмч, сувилагч, үйлчлэгч нар бөөр болон элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдийн хамт хийж гүйцэтгэдэг. Мөн амбулаторын хэсэгт 2015 оноос кабинетаар эрхтэн шилжүүлэн суулгасаны дараах урт хугацааны хяналтын үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллуулж гадаад болон Монгол улсад бөөр шилжүүлэн суулгасан 240, элэг 210, зүрх шилжүүлэн суулгасан 1 хүнийг хянаж, дархлаа дарангуйлах эмийг хяналтын дор сар бүр олгож байна. 

Тус  төв нь Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх, эрх зүйн орчныг цогц болгох, донорын асуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

  1. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүд Засгийн газрын ордонд Улсын Их хурлын нэр бүхий гишүүдтэй “Донорын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч өгөх талаар уулзалт хийсэн. Тус хуулийн төслийг 2016.12.15-ны өдрийн ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн.
  2. ЭШСТ-ийн гишүүд нь “Эрхтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулах зөвлөл” байгуулах төслийг боловсруулан ЭМЯ-ны 2016-05-18-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэгдсэн. Мөн Донорын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад эрх зүйн талаас боловсруулах явцад оролцсон.
  3. Эрхтэн шилжүүлэн суулгах төв нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төслийг элэг, бөөр, зүрх, нойр булчирхай, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах чиглэлээр боловсруулан ЭМЯ-д батлуулахаар хүргүүлсэн. Тархины үхэлтэй донороос зүрх, нойр булчирхай, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах багууд шинээр томилогдон удирдамж боловсруулан бэлтгэл ажил хийж сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  4. УНТЭ-ийн ЭШСТ-өөс III шатлалын донор эмнэлгүүд болох УГТЭ, ГССҮТ-тэй донорын чиглэлээр хамтран ажиллах гэрээг 2016 оны I-р улиралд байгуулсан.
  5. Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/147 тоот “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай” тушаалаар ЭМЯ, УНТЭ, АШУҮИС, Эмгэг судлалын үндэсний төв, ЦССҮТ, ГССҮТ, Донорын холбоо, Гемодиализаар эмчлүүлэгчдийн "Чандмань" Холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийг оролцуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “Донорын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан, донорын тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж хуулийн үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газрын 2016.11.02-ны хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж УИХ-д өргөн барьж, НББСШУ-ны байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар тус тус хэлэлцэгдэн батлагдсан байна.

Элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчидийг хяналтанд авч, тархины үхэлтэй донороос элэг, бөөр шилжүүлэн суулгахаар хүлээгдэж эмчлүүлэгч нарыг Waiting list-д бүртгэн тэдгээрийн мэдээллийг цусны бүлэг бүрээр нь бүртгэн мэдээллийн нэгдсэн сан бий болгосон.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Санал хүсэлт