П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй

– Миний санахаар Донорын тухай хууль гурван ч удаа шинэчлэгдэх шиг боллоо. Ингэж дахин дахин шинэчлээд байх шалтгаан юу  байдаг юм бол?

-Донорын тухай хуулийг анх 2000 онд баталсан, дараа нь 2012 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш 6 жилийн дараа буюу энэ оны нэгдүгээр сард дахин шинэчлэн найруулж батлан гаргаад байна. Ингэж ойр ойрхон шинэчлэгдэж байгаа нь учир шалтгаантай. Цаг үе, хөгжлийн шаардлага, нийгмийн чиг хандлагаа дагаж хууль өөрчлөгдаж боловсронгуй болж байгаа нь маш сайн хэрэг.

-Шинэчлсэн хуулийн хүрээнд Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба   байгуулагдсан юм байна.  Ийм алба байгуулах учир шалтгаан нь юу байв?

-Монголд эрхтэн шилжүүлэн суулгах /ЭШС/үйл ажиллагаа бодит утгаараа нутагшиж хөгжиж байна. 1996 оноос бөөр шилжүүлэн суулгах  мэс заслаар эхэлсэн эрхтэн шилжүүлэн суулгах  ажиллагаа 10 жил орчим хугацаанд Эд нийцлийн лаборатор байгуулах, эмч сувилагч нараа бэлтгэж 2006 оноос дахин эхэлсэн. Энэ хугацаанд нийтдээ 158  удаа  бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байна. Үүний ихэнхийг  амьд донороос хос бөөрний нэгийг нь авсан байна. Мөн 2007 оноос элэг шилжүүлэн суулгах баг байгуулагдаад  одоог хүртэл 50 хүнд  элэг шилжүүлэн суулгаад байна. Эдгээрээс гадна 11 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан.Мөн оны дараахан ХСҮтөвд 2 хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийжээ. Гэтэл эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай бөөр болон элэгний эмгэгтэй хүн олон байдаг. Дандаа амьд донороос энэ эмчилгээг хийгээд байх боломж муу байна. Тэгэхээр энэ албыг  байгуулсан гол зорилго нь Донорын хуулийг болон донорын үйл хэргийг таниулах ,эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох иргэдийн нэгдсэн нэг хүлээх жагсаалт үүсгэх, амьгүй донор буюу тархины үхэлтэй донорын  үйл ажиллагааг зохицуулан зангидаж байх  явдал юм.

-Танай алба хэдийд байгуулагдав?

-Хууль маань 2018 нэгдүгээр сарын 19-нд батлагдаж, хоёрдугаар сарын 19-ээс хэрэгжиж эхэлсэн.  Ингээд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж байгуулагдсан. Одоо нийтдээ 6 хүнтэйгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд ажиллаж байна. Оны дараа байгуулагдсан учраас төсөв зардал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төсөвт суугаагүй. Ирэх жилийн төсөвт оруулах санал тооцоогоо хийж байгаа.

-Шинэхэн алба юм байна. Байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил амжуулаад байна вэ?

-Хэдийгээр байгуулагдаад 2 гаруй  сарын хугацаа өнгөрч байгаа ч  зохицуулалтын гол бичиг баримтаа боловсруулж батлуулахад бэлэн болгоод байна. Нийтдээ 7 журам боловсруулж бэлэн болголоо.  Удахгүй мэргэжлийн багууд, ажлын хэсгүүдэд өгч хэлэлцүүлнэ. Тэндээс гарсан санал зөвлөмжийг тусгаад Эрүүл мэндийн сайдаар батлуулна.

Энэ ажлын хүрээнд ЭШС мэс ажилбарыг хийж байгаа УНТЭ, Хавдар судлалын төв болон Шастины гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. Эдгээр эмнэлгүүд нь  гол донор эмнэлэг  болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийх учраас маш нягт хамтран ажиллах ёстой болно.

 

Зургийн тайлбар: Зохицуулах албаны дарга, Монгол улсын хүний гавъяат эмч П.Батчулуун, Ахлах мэргэжилтэн Г.Батцэцэг, Мэргэжилтэн Н.Дашдондов, Мэргэжилтэн Н.Цэндмаа, Мэргэжилтэн П.Тунгалаг, Мэргэжилтэн Ц.Одончимэг

-Донор гэдэг маань яг хэн бэ.  Тухайн хүний ах дүү садан, ар гэрийнхэн л байдаг юм шиг харагддаг…

-Монголд бол одоогоор ерөнхийдөө ийм байгаа. Гэхдээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас санал болгож байгаа гол зөвлөмж нь  тархины үхэлтэй донорыг эрхтэн  шилжүүлэн суулгаж ажиллагаанд аль болох түлхүү ашиглаж байх тухай юм.  Донорыг дотор нь амьд болон амьгүй донор, цусны гээд гурван янзаар ангилж үздэг.

Амьд донорын тухайд ойлгомжтой, өвчтөний ойр төрлийн гэр бүлийн гишүүд хос эрхтнийхээ нэгийг болон цуллаг эрхтнийхээ талыг өгдөг. Үүнийг иргэд маань сайн мэддэг. Харин амьгүй донорын талаар  олон нийтийн дунд ойлголт хангалтгүй байгаа. Тиймээс энэ талын ойлголт, Хуулийн заалтуудыг нийтэд  таниулж сурталчлах хэрэгтэй  байгаа юм. Үүнийг манай зохицуулах алба хийх ёстой.

-Амьгүй донор гэдэг нь …

-Тэгэхээр амьгүй донор гэдэг бол тархиндаа ямар нэг байдлаар гэмтэл авч тархины эд эс нь үхсэн, эсвэл тархинд цус харваснаас үүдэн тархи нь үхэжсэн ийм байдалд хүрсэн хүнийг тархины үхэлтэй гэж оношлодог. Үүнийг ДЭМБ-ын гаргасан заавар удирдамж, МУ-н түгээмэл үйлдлийн стандартын  дагуу шалгуураар тогтоож оношлодог бөгөөд  тархины үхэлтэйг оношлож тодорхойлдог тусгай багууд  байгуулагдсан.

-Тусгай багууд гэв үү?

-Тийм. Тархины үхэлтэй гэдгийг нь маш нарийн шалгуураар тогтоох ёстой. УНТЭ, Нэгдсэн III ,Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр тархины үхэл тодорхойлох баг сайдын тушаалаар байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ багуудтайгаа хамтраад ажиллаж боломжит донорыг илрүүлэх, Донорын хуулийн дагуу гэр бүлээс зөвшөөрөл авч зөвшөөрсөн тохиолдолд  Хүлээх жагсаалтад байгаа эмлүүлэгч нараас хэнд илүү тохирох , хэрхэн яаж хуваарилах вэ гэдгээ  тэр Нэгдсэн бүртгэлийн сангийн автомат программаар  шийднэ гэсэн үг.

-Зохицуулах алба маань өөр ямар үүрэг функцитэй ажиллах вэ?

-За, энэ Алба маань олон талт үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Нэгдүгээрт,  Донорын хуулийг болон Донорын үйл хэргийг  сурталчлан таниулах, нөлөөллийн үйл  ажиллагааг явуулна. Хоёрдугаарт,  Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа иргэдийг энэ эмчилгээг хийж байгаа багуудтай хамтран  “Хүлээх жагсаалт”-ад бүртгэж оруулах явдал байгаа юм.Мөн тархины үхэлтэй донорыг тодруулахад тархины үхэл тодорхойлох багуудтай хамтран ажиллана.  Монгол улсад элэг, бөөр, зүрх, уушиг, нойр булчирхай гэх мэт таван цуллаг эрхтний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүн олон байна. Гэхдээ тэр бүгд энэ “Хүлээх жагсаалт”-ад орох шалгуурыг хангаж чадахгүй. Учир нь нарийн шалгуураар мэргэжлийн багууд өөрсдөө сонгож авах юм. Тэгэхээр  энэ багууд өөрсдийнхөө шалгуураар тухайн хүнийг эрхтэн шилжүүлэн суулгах заалтанд нь багтаж байна аа гэвэл сонгож аваад түүнийгээ манай албанд мэдэгдэнэ.  Ингэсэн тохиолдолд манай алба тэр хүнийг улс даяар ганцхан байх нэгдсэн бүртгэл мэдээллийн сандаа бүртгэж авч, “Хүлээх жагсаалт”-даа оруулна. Энэ жагсаалтад орж байгаа хүн нэгдүгээрт цусны бүлэг, хоёрдугаарт хувийн эд нийцлийн тохироо, нас  болон бүртгэгдсэн он сар өдрөөрөө эрэмбэлэгдээд  донороо хүлээгээд байж байна гэсэн үг. Хүлээх жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь амьд донор буюу ар гэрийнхнээсээ эрхтэн шилжүүлэн авах боломжгүй гэсэн үг шүү дээ. Зохицуулах албаны бас нэг гол ажил бол ЭШС эмчилгээний үр дүнг тооцох, шаардлагатай төсөв, санхүү, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана. Мэдээж энэ салбарт ажиллаж буй  эмч, сувилагч , мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, чадвар чансааг сайжруулах сургалт, семинар зэргийг ОУ-н болон ТБ байгууллагуудтай хамтран хийнэ.

-Монголд хийгдсэн эрхтэн шилжүүлэн суулгах  мэс засалд тархины үхэлтэй донорыг хэр ашигладаг вэ?

-Монголд эрхтэн шилжүүлэн суулгасан тэр 220 гаруй тохиолдлын зөвхөн 6-д нь л  тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байдаг. Тухайлбал, 12 бөөр, нэг элэг тархины үхэлд хүрсэн донороос авчээ. Тэгэхээр Зохицуулах албаны бас нэг ажил нь эрхтний  боломжит донор гарлаа гэхэд тэр донорыг Хүлээх жагсаалтад байгаа хүмүүст хэрхэн яаж хуваарилах вэ гэдэг асуудлыг зохицуулах хэрэгтэй болж байгаа юм. Үүнийг хувь хүнээс шалтгаалах хүчин зүйлээр аль болох бага байхаар зохицуулж байна.  Ямар арга замаар ногдуулах вэ гэхээр  Matching software system гэсэн программ хангамжийг манай энэ нэгдсэн бүртгэл мэдээлийн санд суулгаж өгөх юм. Хүлээх жагсаалтад эрхтэн солиулах шаардлагтай  бүх хүний мэдээлэл орчихсон байдаг, ямар нэг байдлаар донор илэрлээ гэхэд тэр  донорын цусны бүлэг, эд нийцлийн тохироо, шинжилгээний хариу зэрэг  бүх өгөгдэхүүнийг  компьютерт оруулахад  цаанаасаа энэ донорын элэг нь Ш.. гэдэг ч юмуу өвчтөнд, бөөр нь В… гэдэг хүнд тохирох юм байна гэсэн сонголтыг автоматаар оноогоод өгчихнө гэсэн үг.

-Ямaр ч арын хаалгагүй гэсэн үг юм байна?

-Тийм. Нөгөө хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр эрхтэн хуваарилна гээд байгаа нь энэ. Гэхдээ уян хатан байх чанар, тохиолдол бас бий. Залуу хүмүүс гэнэт эрхтний дутагдалд ордог гэмтэй. Тийм тохиолдолд тухайн хүний амь насыг ЭШС эмчилгээнээс өөр аврах боломжгүй үед  мэргэжлийн баг болон Зохицуулах алба хамтран яаралтай журмаар  хуралдаж албан ёсоор  протокол хөтөлж, шийдвэр гаргана.

-Хүлээх жагсаалт гэдгээ жаахан тодруулах уу. Жагсаалтад орсон хүн эрхтэн шилжүүлэн суулгах дараалалд орлоо гэсэн үг үү?

-Хүлээх жагсаалт гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагтай хүмүүсийн эрэмбэлэгдсэн мэдээллийн сан гэсэн үг. Гэхдээ жагсаалтад орчихлоо гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээнд зайлшгүй орно гэсэн баталгаа  бас биш шүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Учир нь эд нийцлийн тохироо таарахгүй, цусны бүлэг тохирохгүй байх тохиолдол маш их байдаг. Мөн донорын хүрэлцээгүй байдлаас болоод хүлээлт гардаг. Энэ хугацаанд тухайн хүний бие муудаж болзошгүй, бүр нас барж ч мэднэ. Ийм эрсдэл байдгийг хаана хаанаа ойлгож байх хэрэгтэй. Ер нь ийм явдал дэлхийн практикт ч их байдаг. Тэгэхээр бид “Хүлээх жагсаалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгуулна гэсэн баталгаа биш шүү” гэдгийг  хэлж ойлгуулна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагтай хүн хэр олон байдаг вэ?

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай эмчлүүлэгч  олон бий. Жишээ нь зөвхөн бөөр гэхэд 1 сая хүн тутамд жил бүр 110-120 хүн бөөрний түүдгэнцэрийн үрэвслээс болж дутагдалд орж, гемодиализмын эмчилгээ хийлгэх болдог.  Үүний  80-85 хувь нь бөөр шилжүүлэн суулгах  эмчилгээ шаардлагтай боллоо гэсэн үг юм. Мөн В,С вирүсийн шалтгаант элэгний  хатуурал байна. Монгол Улсад В вирусын шалтгаант элэгний хавдар дэлхийн дунджаас даруй 6 дахин их байна. В.С вирусээс шалтгаалсан элэгний хатуурлаас жил бүр 10  мянган орчим хүн нас барж байна.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин нэмэгдэж байна. Зүрхний шигдээс, зүрхний дутагдлын улмаас нас баралт их байна. Энэ өвчин бас залуужиж байна. Хүрээлэн байгаа орчин,  амьдралын хэв маяг өөрчлөгдөж хөдөлгөөн багассан, хэрэглэж буй хоол хүнс, архи тамхины хэрэглээ зэрэг олон хүчин зүлийн нөлөө энд байгаа нь тодорхой.

Бас нэг таагүй мэдээлэл гэвэл уушиг, амьсгалын замын өвчин хэдхэн жилийн өмнө нас баралтын шалтгааны 8-д байсан бол одоо бүр өгсөж, гуравт ороод ирлээ. Өөрөөр хэлбэл зүрх судас, хавдрын дараа орж байна.  Улаанбаатарын утаанаас ихээхэн шалтгаалж байгаа нь тодорхой.

Гэмтэлээс улбаалсан нас баралт  4-т нь эрэмбэлэгдэж байна. 2017 оны байдлаар гэхэд 527 хүн энэ шалтгаанаар нас барсан байгаа юм.  Дайн дажин болж байгаа газар шиг аймаар тоо байгаа юм. Эдгээрээс тархины гэмтлээр нас барж байгаа нь тодорхой бус. Мөн жил бүр 2000-2400 хүн тархинд нь цус харваж нас бардаг. Ингэхээр энэ нь нөгөө талаасаа боломжит донор байна аа гэж харагдахаар байгаа юм. Хэдийгээр харамсалтай ч гэсэн энэ тархины үхлээр нас барж байгаа хүмүүс өвчиндөө шаналж байгаа  элэг нэгт иргэдээ аварч, амьдрал бэлэглэх боломж байгаа юм.  Харин үүнийг иргэд хэрхэн зөвөөр хүлээж авах вэ гэдэг асуудал байгаа юм.

-Энэ нэлээдгүй хэцүү асуудал байж мэдэх юм шүү…

-Амаргүй, монгол хүний уламжлалт сэтгэхүйгээс хол л доо. Тиймээс Донорын хуулийг сурталчлан таниулах явдал их чухал байна. Сургалтууд явуулах, хичээл заах гэхчлэнгээр ард олондоо таниулдаг туршлага дэлхий нийтэд байдаг.  Энэ сурталчилгаандаа улс орныхоо нэр алдартай тамирчид, урлагийнхныг  идэвхтэй оролцуулдаг юм байна билээ. Гэхдээ манай бурхан шашны номонд харшлах зүйл байхгүй. Харин ч Буяны дээд Буян, Өглөгийн дээд өглөг бол амьдрал бэлэглэх гэж үздэг юм байна.

-Донор болох асуудлыг хуулинд хэрхэн тусгасан бэ?

-Хуулинд орсон хоёр дахь чухал заалт гэвэл 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн  амьд ахуйдаа “хэрэв ямар нэгэн тохиолдлоор тархиндаа гэмтэл авч үхэлд хүрэх юм бол би донор болно” гэдгээ   зөвшөөрсөн гэрээслэл үлдээдэг болох заалтыг оруулж өгсөн. Гэрээслэлээ эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд бүртгүүлдэг болж байгаа юм. Донор болох танилцуулах хуудас гаргана. Мөн зөвшөөрсөн тусгай карттай болгох юм.

Насны хязгаар 25-аас эхлээд дээд  тал нь 65 гэж байгаа ч цаашдаа амьдралын чанараас шалтгаалан нэмэгдүүлэх боломжтой. АНУ, Япон, Испани зэрэг улсад  донор болох дээд насыг 70 нас гэж тогтоосон байдаг. Тэгэхээр нэгэнт ийм хууль гарсан учраас иргэддээ, ялангуяа залуучууддаа сайн сурталчилж таниулах хэрэгтэй болж байгаа юм.

Зохицуулах албаны өөр нэг том үүрэг функц гэвэл эрхтэн шилжүүлэн суулгах бүх эмчилгээний үр дүнг жил жилээр нарийн тооцож нэгтгээд улсын хэмжээнд статистик тоо гаргаж үүнийгээ жил бүр ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах  холбоонд тайлагнаж байх ёстой. Энэ нь нөгөө талаасаа эрхтний хууль бус гарч болох эрхний наймаанаас сэргийлэх , таслан зогсоох ач холбогдолтой юм.

– Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны цаашдын  төлвийг хэрхэн харж байна вэ?

-Манай алба өнөөдөр хуулийн дагуу байгуулагдсан жижигхэн нэгж байгаа хэдий ч ирээдүйд зөвхөн ЭМЯ-даа харъяалагддаг агентлаг болох хэрэгтэй. Бие даасан төсөв санхүүтэй, өөрийн гэсэн эд нийцлийн лабартори, эдийн банктай,  иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай гэхчлэн дэлхийн жишгээр хөгжих ёстой. Яагаад гэвэл донор гарлаа гэхэд хаа байсан газраас нь очиж авахад машин байтугай нисдэг тэрэг  хэрэгтэй болно. Ингэж эхлэлийг нь зөв тавиад өгвөл зөв замаараа хөгжиж цаашдаа маш олон хүний амь аврах боломжтой хүчирхэг алба болно.

-Ирэх зургадугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын наадам болох юм байна. Энэ ямар учир зорилго, ач холбогдолтой тоглолт вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоотойгоо хамтраад ирэх зургадугаар сард эрхтэн шилжүүлсэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолтыг зохиох гэж байна. Спортын ийм тоглолт зохион байгуулж байгаа нь  эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн маань амьдралын чанар ямар байна вэ, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэснээс хойш ямар хүн болсон бэ гэдгийг олон нийтэд харуулах явдал юм.  Хамгийн гол нь үүгээрээ дамжуулан Донорын тухай хуулиа сурталчлах юм. Анхны ийм тоглолтыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор зохиож байсан бол энэ жилийнхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиохоор  болсон. Ерөнхийлөгч спортын энэ тоглолтыг ивээлдээ авч байгаа нь  эмч нарынхаа хийж байгаа үйл хэргийг дэмжиж, энэ өндөр технологийг эх орныхоо эрүүл мэндийн салбарын хөрсөн суулгахаар зүтгэж буй  эмч, эрдэмтэд, сувилагч,мэргэжилтнүүдэд өгч том урам зориг мөн хариуцлага юм. Энэ эмчилгээнд итгэх ард иргэдийн  итгэл улам  нэмэгдэж, Монгол улсдаа чанартай эмчилгээ хийлгэх   боломж бололцоо нь нэмэгдэнэ.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хэтийн төлөв Монголд ямаршуухан харагдаж байна. Төсөөллөөсөө хуваалцахгүй юу…

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ирээдүй эс шилжүүлэн суулгах явдал болно. Үүдэл эсээс тухайн эрхтэнийг  ургуулах технологийг  хөгжсөн улс орнуудад туршиж байна. Үүдэл эсээс элэг, зүрх  бусад эрхтэнг ургуулна гэсэн үг. Үр дүнтэй байгаа, болохгүй гэх зүйлгүй. Хэрэв ингэвэл амьд донорын асуудал бүр хойш тавигдаж байхгүй болно. Харин тархины үхэлтэй донор нэг хэсэгтээ байх болов уу. Гэхдээ үүдэл эсээс тухайн эрхтэнг ургуулах технологи амжилттай болбол ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа том проблем биш болно.

Түүнээс гадна АНУ, Япон зэрэг оронд 4D технологиор хиймэл эрхтэн хийж эхлээд байна. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ их өнгөтэй өөдтэй ирээдүй байна аа гэж харагдаж байна. Гэхдээ иргэд маань нэг зүйлийг бодох хэрэгтэй. Заавал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хүртлээ эрүүл мэндээ доройтуулж, биедээ хайхрамжгүй хандаж болохгүй. Ядахад л архи тамхины хэрэглээгээ багасгаж, биеийн жингээ барьж амьдралын хэмнэлээ зөв тохируулж сурах хэрэгтэй.

Иргэн бүр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой.  Мэргэжлийн холбоод болон манай албаны зүгээс иргэдийнхээ дунд эрүүл мэнд, тэр дундаа 5 цуллаг эрхтнээ хэрхэн хамгаалах талаар сургалт сурталчилгаа явуулахаар төлөвөж байгаа.

-Эрхэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлын дийлэнхийг улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа. Ер нь хэр хөрөнгө мөнгө төсөвлөгддөг юм бол?

-Энэ 2018 онд гэхэд улсын төсвөөс 2,8 тэрбум төгрөгийг  төдөн хүнд элэг бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулга гээд хуваарилаад өгчихсөн байгаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 23 хүнд элэг, 24 хүнд бөөр, Хавдар судлалын үндэсний төвд 6 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ үүнийг ингэж төлөвлөж болохгүй л дээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэчнээн ч хүнд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гарч мэднэ шүү дээ.  Түүнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүний хариуцлагын хүрээнд зардлын 20-30 хувийг зайлшгүй гаргуулж байх хэрэгтэй  байгаа юм. Бүхнийг төсөвт даатгаж болохгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: 2018.05.29 | Emch.mn