Сүүлийн үед бөөрний архаг дутагдалтай өвчтөн нэмэгдсээр л байна. Өвчний шалтгаан юунаас үүдэж үүсдэг вэ?
-Монголчуудын хамгийн их өртдөг өвчин бөөрний архаг дутагдал, бөөрний уйланхай, чихрийн шижин, цусны даралт. Цусны даралттай олон жил явахаар бөөрний судсуудыг гэмтээж дутагдалд оруулдаг. Бөөрний олон янзын өвчин бий. Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн. Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг чухал эрхтэн. Бөөрний үйл ажиллагаа алдагдахад цусаар эргэлдэж буй бодис шээсээр ялгарахаа больдог. Хортой бодис шээсээр ялгарахаа болих үед бөөр гэмтэнэ. Бөөрний үйл ажиллагаа гэмтвэл үрэвсэн архагшдаг. Даралт ихсэх болон чихрийн шижинт өвчтэй өвчтөнүүдэд бөөрний үйл ажиллагаа их муудах хандлагатай байдаг. Ийм өвчтэй хүн бусад өвчтөнөө бодоход удаан засал авдаг. Монголын эрс тэрс уур амьсгал бөөр өвчлөхөд их нөлөөлдөг. Манай хүн амын ихэнх нь бөөрний өвчтэй. Бөөрний архаг дутагдал эцсийн шатандаа ороход бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоос өөр сонголт байдаггүй. Олонх өвчтөн бөөрний дутагдлын үүсэлтийг хожуу ажиглаж мэддэг тул гемодиализын судасны хүрцийг яаралтай хийхийг шаарддаг. Ихэнх хөгжсөн орнуудад өвчтөн өөртөө тохирсон эмчилгээний төрлийг сонгох бололцоотой байдаг. Үүнд тохирох эрхтэний олдоц болон диализад орох эдийн засгийн байдал хангалтгүй зэрэг нь сонголтод ихээхэн нөлөөлдөг. Бөөр шилжүүлэн суулгалт нь суулгацын амьдрах чадвар сайн байхаас гадна өвчтөн амьд үлдэх магадлал илүүтэй.
-Бөөр өвчилсөн тохиолдолд бусад эрхтэн системд хэрхэн нөлөөлөх вэ?
-Бөөрний архаг дутагдал бүх эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Цусаар эргэлдэж буй хэрэггүй бодис элэг, зүрх уушги гээд дотор, амьсгалын зам, тархи мэдрэлийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Сүүлийн жилүүдэд бөөрний архаг дутагдал залуужиж, 5-12 насны хүүхдүүд их өвчилж байна. Эрхтэн тогтолцооны өвчин болох чихрийн шижин, чонон яр зэрэг нь бөөрний эдийг ихээр гэмтээж үйл ажиллагааны дутагдалд оруулдаг. Бөөр шилжүүлэн суулгаж байгаа тохиолдлын 25 хувь нь чихрийн шижин өвчтэй өвчтөн байна. Хүүхдэд бөөрний төрөлхийн дутагдал бүх архаг дутагдлын 50 хүртэл хувийг эзэлж буй. Хамгийн элбэг тохиолддог шалтгаан бол бөөрний эсийн хэвийн бус хөгжил, уйланхайт өвчнүүд юм. Өөрийн бөөр нь амьдрал хангах чадваргүй болж бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдэд янз бүрийн үйлчилгээтэй эмчилгээ дэлгэрсэн тул сонгон хэрэглэх нь чухал. Үүнээс бөөр шилжүүлэн суулгалт нь бөөр орлуулах хамгийн сэтгэл ханамжтай эмчилгээний арга болсон.
Бөөрний үйл ажиллагаа алдагдаж хэвийн бус болох үед биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Үүсэж буй шалтгаануудаас үл хамааран бөөрний дутагдлын шинж тэмдэг цусны даралт ихсэх, цус багадах, уушиг плеврийн эмгэгшил, цусны бүлэгнэлтийн алдагдал, халдварын хүндрэл зэрэг хам шинжээр илэрдэг. Эмнэлзүйн өөрчлөлт нь аманд идсэн зүйл эвгүй амтагдаж, хоолонд дургүй болж бөөлжис цутгана. Ходоод гэдэс хямарч, шөнө шээнэ, шээсний өнгө цайж, бага зэрэг турна, арьс хуурайшина. Эдгээр шинж тэмдэг хүндрэхээрээ арьс цонхийж, цус багадалт илэрнэ. Цусны даралт өндөр болно. Хүндрэл төгсгөлийн шатанд орсон үед амнаас нь шивтэр шиг зүйл үнэртэнэ, арьс хуурайшиж, зэвхийрч цайна. Эрс турна, цус багадалт гүнзгийрнэ, эрхтэн системд өөрчлөлт орно. Өвчтөнд үзлэг хийхэд гадаад төрхөнд өөрчлөлттэй харагдана. Нүүр хөөнө, нүдний доод зовхи хавагнана, царайны өнгө бараана, хөлийн шилбэ, шагайгаар хавантай, амьсгалахад амнаас эхүүн нялуун үнэр үнэртэнэ, амьсгал гүнзгий ойр ойрхон шуугиантай болсон байна.
Бөөр шилжүүлэх суулгах мэс заслын хагалгаанд орох өвчтөнүүдэд донор олох амаргүй. Голдуу төрсөн ах дүү, төрөл садных нь хүн донор нь болсон байдаг юм билээ?
-Донорыг хоёр янзаар сонгодог. Эхнийх нь цогцосноос. Энэ нь Монголд ховор. Монголчуудын сэтгэхүйд шашин шүтлэг их нөлөөлдөг. Олны дунд “Эд эрхтэнийг нь авахаар сүнс нь хоргоддог юм гэнэ лээ” гэх буруу ойлголт одоо ч байсаар. Донор болж, эрхтэнээ өгнө гэх ойлголт хүмүүсийн сэтгэлгээнд ер суухгүй байна. Үүнийг хамгийн аймшигтай зүйл мэтээр төсөөлөн хүлээж авдаг. Уг нь хүнд амьдрал хайрлана гэдэг бол хамгийн том буян шүү дээ. Бид найман жил бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ гурван цогцосноос бөөрийг нь авч, хүнд шилжүүлэн суулгасан. Энэ бол асар бага тоо. Монголд донорын тухай хууль 2000 онд батлагдаж, сүүлд шинэчлэгдэж цар хүрээ нь өргөссөн. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний донор нь төрөл төрөгсөд, цусан төрлийн ахан дүүгээс нь донор бөөр голчлон суулгаж байсан бол 2008 оны есдүгээр сараас цогцосноос бөөр авах ажиллагааг нэвтрүүлж эхэлсэн.
Донор болж нэг бөөрөө өгчихсөн хүний эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гардаг уу?
-Донор болсон хүний эрүүл мэнд, амьдрах чадварт өөрчлөлт гарахгүй. Тухайн хүн хэд насалж, хэчнээн жил амьдарна тэр хугацааг хүртэл хэвийн амьдарна. Харин донор болсон тохиолдолд үлдсэн бөөрөө бөөцийлж, элдэв хорт зуршил, гадны нөлөөнөөс хамгаалж байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол гэрлэж, үр хүүхэд төрүүлж болно. Бөөр шилжүүлэх суулгах мэс заслын эмч нар донор болж байгаа хүний хоёр бөөрийг харьцуулж үзээд сайныг өөрт нь үлдээдэг. Үлдсэн нэг бөөр нь нөгөөгөө орлож чаддаг гайхамшгийг бурхан хүнд заяасан. Харин бөөрөө өгсөн донор, бөөр шилжүүлэн суулгасан өвчтөн гам, дэг сайн барьж дархлаа дарангуйлах эм хэрэглэнэ.
Мэс заслын эмчилгээний явцад өвчтөнд хүндрэл гарах тохиолдол байдаг биз?
-Бий бий. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний явцад олон тохиолддог хүндрэл нь архаг ондоошил. Мэс заслын эмчилгээний дараах үед дархлал дарангуйлах эмийн бодисыг урт удаан хугацааны турш, тохирох тунгаар хэрэглэдэг нь дээрх хүндрэлээс сэргийлэх үндсэн эмчилгээ болдог. Тиймээс мэс заслын өмнө өвчтөний зүрх, уушиг, ходоод гэдэсний зам, элэгний үйл ажиллагаанд нарийн шинжилгээг заавал хийх ёстой. Бүдүүн гэдэсний чулуужилт, цөсний чулуу зэрэг нь бөөр шилжүүлэн суулгасны дараа хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул өмнө нь мэс засал хийж авах шаардлагатай.
Бөөр шилжүүлэн суулгах мэс засал Монголд хийгдэж байгаа ч хүмүүс өндөр хөгжилтэй орныг зорих нь их. Өвчтөн өвчний ямар шатанд хүрсэн тохиолдолд гадаадын эмнэлгийг сонгож болох вэ?
-Одоогоор бид хоёр тохиолдолд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хараахан хийж амжихгүй байна. Нэг нь элэгний С вирустэй хүнд хийх амаргүй. Хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм уухаар элэгний С вирус идэвхжиж сэргэдэг. Ийм үед хийгдэх эмчилгээ ховор тул хүнд байдаг. Нөгөө нь донортойгоо цусны бүлэг тохирохгүй өвчтөнд хийдэггүй. Гэхдээ бид энэ бүхнийг ойрын жилүүдэд хийдэг болохоор том зорилт тавиад ажиллаж байгаа. Миний ажиглаж буйгаар Монголчуудын ихэнх нь III бүлгийн цустай. I бүлгийн цустай хүн ховор. Бөөр шилжүүлэн суулгаж байгаа өвчтөний донор нь голдуу ах дүү, төрөл садных нь хүн байдаг. Найздаа сайхан сэтгэл гаргаад донор болж бөөрөө өгсөн тохиолдол одоогоор гараагүй. Нийгэм хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхөөр өгье гэх сэтгэлтэй хүн олшрох биз ээ.
Монголын эмч нар 80 дахь хүнд бөөр шилжүүлэн суулгаж буй нь Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хагалгааг өндөр үнээр хийдэг. Гэтэл иргэдэд өртгийг нь төлөх төлбөр тэр бүр байдаггүй. Амьдралын боломж хүрэлцэхгүй улмаас олон хүн хорвоог орхиж байгаа нь худлаа бус?
-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг олон орон үр дүнтэй хийж буй. Манай иргэд эмчилгээ хийлгэх зорилгоор гадаадын орныг зорьдог ч эдийн засгийн хувьд зардал чирэгдэл ихтэй, өвчтөний аюулгүй байдалд эрсдэлтэй, эмчилгээний дараах үеийн хяналтын тогтолцоонд хүндрэл гардаг. Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсний дараах үеийн хяналтыг тогтмол хийлгэх, шаардлагатай онош эмчилгээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд улс дамнасан хүндрэл учрах нь олонтаа. 2005 онд гадаадад зөвхөн бөөр шилжүүлэн суулгуулах эмчилгээ хийлгэхээр зорьсон монгол иргэдийн төлбөр 1.5 гаруй тэрбум төгрөг болсон тооцоо бий. Хүмүүсийн гадаадад эмчлүүлсэн зардал жил тутамд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг Монгол банк тооцоолон гаргасан. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал гадаадын улс орнуудад хийлгэхээс харьцангуй хямд өртөгтэй. Клиникийн I эмнэлгийн эмч нар бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийхэд өвчтөний ар гэр хагалгаанд таван сая төгрөг гаргадаг. Энэ өртөг дэлхийд хаана ч байхгүй бага үнэ. Өмнөд хөршид хийлгэвэл 170 сая, Сингапурт 90 сая ам. доллар, ОХУ-д 60 мянган ам доллар тус тус болдог. Дэлхийн эрүүл мэндийн баримталж буй чиг хандлага эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг наймаа руу оруулахгүй байхыг их баримталдаг. Гэхдээ хос эрхтнээ наймаалцаж худалддаг Пакистан, Сингапур, Энэтхэг гээд улс орон цөөнгүй бий. Эрхтэнээ улсаас улс дамнан наймаалцаж зарахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хуулиар хориглодог.
Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хэзээ хэдэн өвчтөнд хийсэн бэ?
-Бөөрний эмгэгээр өвчилж эцсийн шатанд орсон өвчтөний амь насыг аврах, наслалтыг уртасгах, амьдрахуйн чанарыг нөхөн сэргээх зорилгоор орчин үеийн эмчилгээний шинэ шийдэл бүхий энэ аргыг Монгол Улсын анагаах ухааны практикт нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарсан. 2006 оны хавар Монголын эмч нарын баг Клиникийн I эмнэлэгт бүрдэж, наймдугаар сард Морис Слапак, Тайланд эмч нартай хамтран хагалгааг УКТЭ-т эхэлж хийсэн. Монголд бөөрний архаг дутагдалтай өвчтөний төгс эмчилгээний асуудал үндсэндээ бүрэн шийдэгдэж байна. Монголд анх 1994 оноос эхэлж Анагаах ухааны хүрээлэн дээр бөөрний эмч нар төсөл хэрэгжүүлсэн юм. Тэр төслийг Л.Жамбалжав эмч удирдаж, бөөрний мэс заслын эмч нарын баг бүрдүүлж ажилласан. Тэднээс өмнө Х.Тэрбиш эмч Монголд гемоделиализ бөөрний өвчтэй хүнд хийсэн. Тэрбээр 1994 онд Японыг зорьж, тэнд бэлтгэгдсэн. Японоос ирээд монголдоо бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийх гэтэл нөхцөл боломж нь хараахан бүрдээгүй байлаа. Миний хувьд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дагнаж хийгээд есөн жилийн нүүр үзэж байна. Анх Клиникийн I эмнэлгээс эмч нарын баг байгуулж, 2006 онд найман өвчтөнд хагалгаа хийсэн. Үүний өмнө Л.Жамбалжав эмч Анагаах хүрээлэнгийн шугамаар Хятадаас эмч нар урьж авчран Д.Оюунцэцэг, Д.Оюунбилэг хэмээх ихэр охины нэгийнх нь бөөрийг нөгөөд нь шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Хагалгаа амжилттай болсон.
Та одоогоор хэчнээн өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгээд байна вэ?
-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг өдөр бүр хийдэггүй. Жилд 15, сард нэг, улиралд гурван өвчтөнд хийдэг. Клиникийн I эмнэлэгт эрхтэн шилжүүлэх төв байгуулагдсан. Тэнд элэг, бөөр шилжүүлэн сольж байгаа. Мэс заслын багийг би өөрөө удирдан хариуцаж байгаа. Бид 90 гаруй өвчтөнд мэс засал хийж, амьдрал бэлэглэжээ. Есөн жилийн өмнө анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 10 гаруй хүн өнөөг хүртэл энх тунх, эрүүл амьдарч байна. Бид жилд 30-40 өвчтөнд мэс засал хийдэг бол бөөрний диалез өвчин багасна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал жилээс жилд сайжирч, ахиц дэвшил гарч буй. Бид мэс заслын хагалгааг дэлхийн нийтийн жишгээр хийдэг. Эмчилгээний үр дүн 90 хувьтай байгаа шүү.
-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хагалгаа хийлгэж байсан өвчтөнүүдтэйгээ та байнга холбоотой байдаг уу?
-Тухайн өвчтөнд мэс заслын хагалгаа хийлгэснээс хойш эмч нар сарын хугацаанд тууштай хянаж, эмчилгээ хийдэг. Түүнээс хойш өвчтөнтэйгээ холбоотой байж хэрэгтэй үед зөвлөгөө өгнө. Тэд гам, дэг сайн сахидаг тул эрүүл мэнд нь хэвийн байгаа. Монгол хүмүүсийн ихэнх нь олдмол өвчтэй. Хүн хорвоод нэг л амьдарна. Тиймээс эрүүл мэндээ алт, мөнгөнөөс илүү хайрладаг байх хэрэгтэй. Ямарваа өвчний эх суурь олон янзын зүйлээс үүдэж үүсдэг тул эрүүл хүнс хэрэглэж, ажил амралтаа зөв зохицуулан, эрс тэс уур амьсгал, халуун, хүйтэн цаг улирлын байдалд зохицуулан дулаан, хөнгөн хувцаслах хэрэгтэй. Өөрөөс шалгаалах энэ бүхнийг хүмүүс анзааралгүй өнгөрдөг дутагдалтай. Өнөө цагт бөөрний архаг дутагдлаар нас бардаг гэх ойлголт ард хоцорлоо. Бид гадаадад болж байгаа хурал сургалтанд сууж, мэс засал болоод эмчилгээний тал дээр мэргэжил нэгтэй эмч нартай харилцан туршлага солилцдог. Өнгөрсөн зун АНУ-д болсон их хуралд мэс заслын таван эмч яваад ирлээ. Одоогоор бидэнд Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, ЭМШУИС-ийн дэд профессор Л.Жамбалсүрэнгийн “Бөөр шилжүүлэн суулгалт” ном гарын чухал авлага болж байна. Тэрбээр Монголдоо бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг нэвтрүүлэх гэж их мэрийж хичээсэн. Хичээсний үр дүн ч гарсан. Бид түүнийг олон хүнд амьдрал хайрласан гавьяатай хүн гэж боддог. Монголд молекул биологийн лабораторийг 2000 онд байгуулсан. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багт лабораторийн шинжилгээний эмч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ тал дээр Ж.Саранцэцэг, Б.Оюунбилэг нар сайн бэлтгэгдсэн. Харин донорын мэс заслыг Б.Баян-Өндөр, Д.Нямсүрэн нар ахалж байна.
Эх сурвалж: 2014.09.25 | Hiub.mn, Г.Батцэцэг