Энэ удаад 40 настай эрэгтэйд үеэл дүү нь донор болж байгаа бөгөөд хагалгаа 15 цаг үргэлжилж амжилттай болжээ. Анх 2011 онд Солонгос улсын Асан эмнэлэгийн эмч нарын багтай хамтарч хийдэг байсан уг хагалгааг Монгол эмч нарын баг 2015 оны тавдугаар сараас бие даан хийж эхэлсэн билээ.
Монгол Улсын гавъяат эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Дэлхийн шилдэг 5 мэс засалчын нэг О.Сэргэлэн хэлэхдээ "Манай эмч нарын баг өндөр ур чадвар, дадлага туршлагыг эзэмшсэн, бид өөрсдийн байгаа бүх хүч бололцоогоор хагалгаагаа хийх болно. Гэвч сүүлийн үед бидний хэрэглэж буй багаж тоног төхөөрөмжүүд ашиглалтын хугацаа дуусч, шинэчлэх шаардлагатай болж байгаа нь бидний санааг зовоож байна" гэлээ.
Гадаад улсад өндөр үнэтэй хийгддэг хагалгааг өөрийн орондоо маш бага зардлаар, өндөр чанартай хийгдэж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байгаа юм. Хагалгааг гардан хийж буй УНТЭ-ийн чадварлаг алтан гарт эмч, сувилагч нар болон хагалгааны багийханд баяр хүргэж улам илүү их амжилтыг хүсэн ерөөе. Монгол хүн бүр Элэг бүтэн, эрүүл сайхан амьдрах болтугай.
Эх сурвалж: 2018.04.20 | http://eagle.mn