ХСҮТ-д амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Нэгдүгээр Төв Энэлэг хэдийн эхлүүлээд 40 гаруй хагалгаа хийсэн бөгөөд манай төвд анх удаа “Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал”-ыг 2018 оны нэгдүгээр сарын 28-нд хийж амжилттай боллоо.

Монгол улсын эрүүл мэндийн салбар, улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа нэг алхмаар урагшилсан томоохон ажлыг тайлагнаж амьд донороос элэг шилжүүлэн суулгасан мэс заслын талаар мэдээлэл өгөх, хагалгаа хийхэд хувь нэмрээ оруулсан төр захиргаа, хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулагчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан ард түмэнд танилцуулж, тэдэнд талархсан сэтгэлээ илэрхийлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ:

“Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай. ХСҮТ дээр энэ хагалгааг хийснээр Монголын улсын хоёр эмнэлэгт элэг шилжүүлэх хагалгаа хийх боломжтой болсон нь маш том алхам юм… хэмээн онцлон тэмдэглээд “Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн.  Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа.  Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэжээ.

Уг мэс заслын санаачлага анх 2006 онд гарч байсан ч төслийн хувьд 2011 оноос ХСҮТ эмнэлэгт “Амьд донороос Элэг шилжүүлэн суулгах төсөл” нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн.

Төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон нийгмийн дэмжлэгээр “Элэг нэгт монголчууд” санг үүсгэн байгуулж сангийн үйл ажиллагаагаар дамжуулан хувь хүн, албан байгууллагаас дэмжлэг тусламж авч, нийгэмд чиглэсэн тодорхой ажлуудыг хийж одоогийн байдлаар 31 эмч мэргэжилтнийг олон улсад сургажээ.

Төслийн хүрээнд БНСУ-ын “Samsung” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны гэрээгээ 2022 он хүртэл сунгаснаар үүний дагуу боловсон хүчнээ чадавхижуулах сургалт, семинаруудад удаа дараа явуулж мэргэшүүлсэн юм.

Төр засгаас бидний ажлыг дэмжиж Нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардагдах өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн багажийг худалдан авч өгсөн бол Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр зарим тоног төхөөрөмж болон эмнэлгийн дотоод засварын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Мөн М-Си-Эс Кока-Кола компани бидний ажилд тусламж үзүүлж элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах олон улсын стандартад нийцсэн вакуум ариутгагчтай эмчилгээний хоол бэлтгэлийн тусгай өрөөг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан бөгөөд мэс засалд орсон донор болон реципент нарт хоол тэжээлийг нарийн тооцоолуурын дагуу бэлтгэн өгч үйл ажиллагаагаа эхлээд байна.

Эх сурвалж: 2018.01.30 | http://www.cancer-center.gov.mn