УИХ-ын гишүүд Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нартай уулзлаа
Таны гэр бүл, найз нөхөд хамаатны садны чинь элгээр өвдсөн хүмүүсийн төлөө элэг зүрхнээсээ ажиллаж байгаа эмч нар. Өнгөрсөн Баасан гаригт Улсэн нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар УИХ-ын гишүүдтэй уулзсан юм.

Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг анхлан хийснээс хойш таван жил өнгөрчээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын элэгний АСАН төвтэй хамтран ажиллаж байгаа юм. АСАН төв нь Монголын эмч, сувилагчдыг зааж сургах, мэргэшихэд анхаарч ирсний үр дүнд өнөөдрийн байдлаар 30-аад хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Солонгосын эмч нартай хамтран амжилттай хийжээ. Үүний долоон хүний хагалгааг монгол эмч нар маань бие даан хийсэн байна. Энэ бол том амжилт. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “85 сая төгрөгийг төлөөд хагалгаанд орох хүн цөөн. Төлж чадахгүй иргэнээ төр үх гэж байгаа хэрэг үү”.

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол тийм амар биш, маш хүнд. Дэлхийн анагаах ухааны хамгийн хүнд хагалгаанд тооцогддог, мөн анагаах ухааны хөгжлийг харуулдаг юм. Тус хагалагааг монгол эмч нар маань дагнан хийх ур чадварт суралцсан гэж Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн хэллээ. Харин үүний тулд төрөөс зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр УИХ-ын гишүүдэд учирлалаа. Тухайлбал, Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч өгөхийг тэднээс хүсэв. Мөн зарим дутагдалтай тоног төхөөрөмж, эмч нарын орон тоо, байрны хүрэлцээ дээр төрөөс анхаарах шаардлагатай байгааг ч уламжилсан юм.

Ард иргэд төрийн хайр ивээлд байх ёстой. Энэ утгаар төр эрүүл мэндийн ялангуяа хүмүүсийн хамгийн ихээр өвдөж буй элэгний, элэг шилжүүлэн суулгах төвд анхаарлаа хандуулснаар ард иргэд тэр ивээл хайрыг хүртэх ёстой. Ард түмнээ аюулт өвчнөөс авран хамгаалах хүсэл эрмэлзлэл дүүрэн эмч нар хэдийгээр зүтгээд зүтгээд төрийн оролцоогүйгээр энэ том хагалгаа явдаггүй тухай тэд ярьж байна. Тиймээс элэг шилжүүлэх хагалгааны 80 хувийг эрүүл мэндийн даатгалаас, үлдсэнийг өвчтөнөөс гаргах системд зайлшгүй орох шаардлагатай байгаа аж.

 

Зүүн гар талаас УНТЭ-ийн Лабораторийн эмч Б.Оюунбилэг, ЭШСТөвийн дарга П.Батчулуун, ЭШС багийн ахлагч О.Сэргэлэн, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж, УНТЭ-ийн ЕМЗТ-ийн эрхлэгч Л.Амгалан, УНТЭ-ийн ГЭТ-ийн эрхлэгч О. Баярмаа, ЭШС багийн радиологи эмч Б.Эрдэнэбилэг 

Өнөөдөр Монголд орж буй элэг шилжүүлэх хагалгааны төлбөр 85 сая төгрөг. Үүний 20 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлөхөөр болсон ч иргэд үлдэх 60 сая битгий хэл зургаан сая төгрөгийг ч төлж чадахгүй байгааг эмч нар гишүүдэд онцлон хэлсэн. 85 сая төгрөг бол зөвхөн хагалгааны төлбөр. Хагалгааны дараах асаргаа сувилгаа, эм, шинжилгээнд өвчтөн маш их мөнгө зарцуулах ёстой. Гэтэл байр, машин гээд хамаг эд хөрөнгөө зараад амьд үлдэж буй иргэд хагалгааны дараах мөнгийг төлж чадахгүйд хүрч, улмаар бие нь муудах, амь насны эрсдэлд орж эхэлдэг гэсэн юм. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “Энэ мөнгийг төлөөд хагалгаанд орох хүн цөөн. Төлж чадахгүй иргэнээ төр үх гэж байгаа хэрэг үү” хэмээн асуусан юм. 
 
Дээрх төвд бүртгүүлсэн олон зуун хүн өнөөдөр нэгд, мөнгөний боломжгүй, хоёрт, донор олдохгүйгээс хорвоогийн нарыг үүрд орхин одсоор байна. Үүний зэрэгцээ мөнгө төгрөг, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдээд ирэхээр донорын асуудал маш хүнд болж иржээ. Монгол Улсад жилдээ 300 гаруй хүн осол аваараар нас бардаг статистик бий. Гэхдээ манай ард түмний сэтгэхүй ослоор өөд болсон хүмүүсийнхээ эрүүл эрхтнийг бусдад бэлэглэх, өгөх бодолгүй байдагт том асуудал оршиж буй тухай эмч нар толгой сэгсрэн ярьж байна. Тиймээс Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстойг хэллээ.
 
Монгол Улсад жилдээ 300 гаруй хүн осол аваараар нас бардаг статистик бий. Гэхдээ манай ард түмний сэтгэхүй ослоор өөд болсон хүмүүсийнхээ эрүүл эрхтнийг бусдад бэлэглэх, өгөх бодолгүй байдагт том асуудал оршиж буй тухай эмч нар толгой сэгсрэн ярьж байна. Тиймээс Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстойг хэллээ.
 

 Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн үзүүлэлтээр дэлхийд 46-р байрт бичигддэг. Ер нь тухайн улсын анагаах ухааны хөгжлийг элэг шилжүүлэн суулгаж байгаа эсэхээр хэмждэг юм байна. Тэгвэл хөгжлийн үзүүлэлтээр Монголыг хол орхисон зарим улс энэ хагалгааг өнөөдөр хийж чадаагүй яваа гэнэ. Тэгэхээр төрөөс энэ төвийг, эмч нарыг, өвчтнүүдийг, доноруудыг болон эрх зүйн орчныг сайтар дэмжээд өгвөл элгээр өвдсөн олон хүнд амьдрал хайрлах бүрэн боломж байгаа аж. Ингэснээр гадагш явах урсгалыг багасгаж, дотоодод мөнгийг шингээж, иргэдийн хувьд эх орондоо, гэр бүлийнхээ дэргэд боломжийн үнээр хагалгаанд орох нөхцөл бүрдэх юм.  Хүнд амь наснаас өөр үнэтэй юу байх вэ. Төрд иргэдээс нь, иргэдийнх нь эрүүл мэндээс өөр үнэтэй зүйл юу байх вэ.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга, Ц.Цогзолмаа, Ж.Батзандан, М.Билэгт нар оролцсон. Эмч нарын тулгамдсан асуудлыг сонссоны дараа тэд бусад гишүүдийн хамт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиж, элэг шилжүүлэн суулгах хагалгааны байдалтай танилцаж, мөн Эрүүл мэндийн яаманд уулзалт хийхээр болсон. Асуудлыг нь ойлгож хүлээж авсан УИХ-ын гишүүдэд эмч нар талархсанаа илэрхийлж, ард иргэдийн төлөөх үйлс бүтэх нь хэмээн баярласаар Төрийн Ордноос явлаа. Ард иргэдээ элэг бүтэн амьдруулах нь зөвхөн эмч нарын асуудал биш юм.Төр, эмч мөн иргэдийн гурвалсан хичээл зүтгэлийн хүчинд монголчууд элэг бүтэн амьдрах нь ойлгомжтой.
 
Эх сурвалж: 2017.12.05 | https://mongolianeconomy.mn