Манай улс нэг үеэ бодвол эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр чамлахааргүй амжилт гаргаад явж байна. Элэг шилжүүлэн суулгалтаар дээр дэлхийн 49 дэх орон болсон, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийснээс хойш 5 жилийн дараа элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн манайх шиг улс ховор. Энэ чиглэлээр он цагийн амжилтын түүх болсон цагаан нөмрөгтөнүүдийн нэг, Төрийн шагналт, хүний гавьяат их эмч, УНТЭ-ийн Уралоги-Андрологийн төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн эмчтэй ярилцлаа.
-Долоодугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхжуулах нь” Олон улсын хоёрдугаар хурлаас манай улс ямар үр дүн хүлээж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.
-Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд анх хийж байлаа. Түүнээс хойш бид туршлагажлаа, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлж, хүний нөөцөө бэлдэх тал дээр ч анхаарч ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоог 2015 байгуулж, энэ чиглэлээр залуу үеэ бэлтгэн, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулахыг зорьж байна.
Энэ хүрээнд бид удахгүй болох Олон улсын хоёрдугаар хурлаар орчин үеийн анагаах ухаанд нэвтэрч буй инноваци, хөгжил дэвшлийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүдээс туршлага судлах, шилдэг илтгэл үүдтэй танилцах болно. Өөрийн улсдаа зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой гэж харж байгаа.
Тухайлбал, манай эмч, мэргэжилтнүүд олон улсын томоохон хуралд оролцох боломж нь тэр болгон олдоод байдаггүй. Гэтэл энэ удаагийн олон улсын хурал сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй байгаа. Мөн манай эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүд өөрсдийн илтгэлээ англи хэлээр гаднын зочид төлөөлөгчдөд танилцуулна. Нэг ёсондоо бид хийсэн бүтээснээ бусадтай харьцуулах, дүгнүүлэх мэргэжлийн талбар гэж хэлж болно.
-Энэ удаагийн хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Ерөнхий сайд, УИХ, ЗГ-ын гишүүд, эрүүл мэндийн сайд, салбарын удирдлагууд оролцож, хурлын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна. Донорын хуулийн шинэчилсэн найруулга дээр таны бодол?
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол өвчний төгсгөлийн шатанд хэрэгжүүлдэг төгс эмчилгээнд тооцогддог. Харин донорын асуудал, түүний эрхзүйн орчин яалт ч үгүй хөндөгдөх чухал сэдэв. Тиймээс манай холбооны эрдэмтэн, эмч нар тус хуралд Донорын хууль, эрх зүйн орчны тухай, амьд, амьгүй буюу цогцосны , донорын тухай илтгэлүүд тавина.
Донорын нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд зөвөөр ойлгуулан сурталчлах нь хүний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, шинэ амьдрал бэлэглэх боломжуудыг бий болгодог. Нөгөөтээгүүр эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалт юм.
-Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар орон орны тунхаглалаас танилцуулна гэж байсан?
-Энэ удаагийн хуралдаанаар тархины үхэл буюу цогцсын донортой холбогдуулан Станбулын тунхаглал, түүнээс хойш гарсан олон уриалга, тунхаглалыг танилцуулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Эрүүл мэндийн салбарт олон ч техник, технологи нэвтэрч, хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. Гэхдээ бид юун дээр илүү анхаарах ёстой гэж та боддог вэ?
-Нэг үеэ бодвол манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалт дараагийн шатанд орсон гэж хэлж болно. Гэхдээ бид шинээр гарсан инновациудыг өөрийн орондоо нутагшуулахад дараа дараагийн үйг ажиллагаанд эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Бид бөөрний мэс засал дээр цусны бүлэг тохироогүй хүнд эрхтэн шилжүүлэн суулгах, элэгний В,С вирустэй хүмүүсийг эмчилж байгаад эрхтэн шилжүүлэн суулгалтыг илүү сайжруулах, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн нутагшуулах нь чухал байна.
Мөн төр засгийн зүгээс эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүмүүсийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг байх талаар хэлэлцэж байна Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулж чадна гэж үзэж байна. Одоогоор 136 бөөр, 36 элэг 4 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна.
-Эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудал 1990 оны эхнээс эхэлсэн байдаг. 27 жилийн хугацаанд энэ чиглэлээр манай улсад хэр ахиц гарсан бэ?
-1990 оны эхэн үеэс нийгмийн шаардлагын дагуу эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед бөөрний дутагдалтай хүмүүс маш их байсан. Үүнтэй холбогдуулан манай улс Япон улсад энэ чиглэлээр эмч нараа сургаж эхэлсэн.
Гэвч бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний эм улсын бүртгэлд ороогүй, лабораторийн багаж төхөөрөмж Монголд орж ирээгүй байсан учраас техникийн болон шинжилгээ судалгааны хувьд боломж тааруу байлаа. Ингээд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 1996 оны долоодугаар сарын 8-нд анх хийсэн. 2000 оноос Донорын тухай хууль батлагдаж, 2002 онд молекул биологийн лабораторитой болж, Улсын бүртгэлд дархлаа дарангуйлах эм бүртгэгдсэн зэрэг шат дараатай ажлууд хийгдсэн юм.
Ер нь энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс 1998, 2002, 2006 онуудад БНХАУ, БНСУ, Тайландын Бангкок хот, Финланд, Англи зэрэг улсуудад эмч нараа сургах, мэргэжилтнүүдээ бэлдэх, мэс заслын багийг чадавхжуулах зэргээр тус тус сургалтад хамруулсан. Ингэснээр манай бөөр шилжүүлэн суулгах баг үндсэндээ 2006 оны наймдугаар cap гэхэд бүрдсэн гэж хэлж болно. Тухайн үед манай гадны зөвлөхүүд биднийг чиглүүлж, зааварчилгаа өгч байлаа.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос Монголдоо хийхээр бэлтгэж эхэлсэн. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж байна. Мөн манай багийн хамт олон сүүлийн нэг жилд зүрхний туршилтын мэс заслыг гахай дээр амжилттай хийсэн. Цаашид өвчтөнд хийхээр төлөвлөж байна. Зүрхний мэс заслын багийн ахлагчаар манай профессор Л.Ганболд, зөвлөхөөр нь академич Н.Баасанжав болон миний бие ажиллаж байна.
-Эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн дунд спортын тэмцээн хүртэл зохион байгуулж байсан гэж сонслоо. Уншигчдад сонирхолтой санагдах байх?
-Манай холбоо эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн хооронд спортын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулсан. Энэ арга хэмжээ нь тэдний сэтгэл зүйг эергээр дэмжих, эрүүл саруул болох боломж бий гэдгийг харуулах, мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд сурталчлах ач холбогдолтой.
Цаашлаад Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт, амьд явах эрхийн том баталгаа болж байгаа юм. Бид энэ тэмцээнийг уламжлал болгон цаашид ч тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн хувьд олон арга хэмжээ давхцаж байгаа учраас дараа жилийн төлөвлөгөөндөө оруулаад байна.
-Олон улсад сайн дурын донор бий болтлоо олон нийт нь дэмжин ажилладаг. Харин манай улсын хувьд донорыг сурталчлах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Бидний зүгээс донорыг сурталчлах тал дээр хэд хэдэн ажлуудыг эхлүүлээд явж байна. Тухайлбал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд донорын талаар зөв ойлгуулах, хүний амьдрал өөр нэг хүнээс ямар их хамаарч, боломж дахин нээгдэх эсэх нь шалтгаалдгийг ойлгуулахыг зорьж байна.
Мөн энэ удаагийн хурлын үеэр зохиогдох хэвлэлийн бага хуралд улс төр, төрийн захиргааны, яам, эмч нар, гадаадын эрдэмтэд, шашны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр бидний дунд төөрөгдөл үүсгэдэг мухар сүсэг, буруу ойлголтод залруулга хийж, бурхны сургаалд хүний амь аврах дээдийн дээд буян гэдгийг ойлгуулах юм. Түүнчлэн хурлын хоёр дахь өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр 17 цагт Цэдэнбалын хөшөө дээр Донорыг сурталчлах урлаг, соёлын үзүүлбэр, арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд гадна, дотнын зочид төлөөлөгчид бүгд оролцоно.
-Холбооны зүгээс цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байгаа вэ?
-Шинжилгээ судалгаан дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, тэр дундаа цусны бүлэг тохироогүй донорыг шилжүүлэн суулгах тухай судалгаа шинжилгээ хийх, цогцсын донорын олдцыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Ер нь цогцсын донор нэмэгдэнэ гэдэг маань эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ чиглэлээр Засгийн газраас хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн бид гадаад харилцаагаа улам өргөжүүлж, шинээр гарсан технологи, амжилтуудыг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллана.
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хоёрдугаар хуралд оролцож байгаа нийт эрдэмтэд, эмч мэргэжилтнүүддээ амжилт хүсье.
Эх сурвалж: 2017.07.05 | ikon.mn