Донорын тухай хуулиар санхүүжилтийн тогтолцоо шийдэгдсэн

Монгол улсад Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн. Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа. Үүнийг Донорын тухай хуулиар зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай байсан.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тархины үхэлтэй /нас барсан/ донороос эрхтэн авч шилжүүлэхийг зөвлөж байгаа. Гэвч 2000 онд батлагдсан Донорын тухай хуульд тархины үхэлтэй донороос эрхтэн авч болно гэсэн нарийн зохицуулалт хараахан байхгүй байсан. Тиймээс Донорын тухай хуулийг Засгийн газар шинэчлэн найруулж, УИХ-аар 2018 оны 1 сарын 19 -ын өдөр баталлаа. Хууль ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг зохицуулна. Мөн уг үйл ажиллагааны талаархи төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм..

"Товчхондоо, энэ хууль амьд донороо хамгаалж, амьгүй донорыг дэмжих, донорын эрхзүйн орчинг сайжруулах юм."

Донорын тухай хууль анх батлагдсанаас хойших энэ 18 жилийн хугацаанд Монгол улсад 147 хүн бөөр, 40 хүн элэг  шилжүүлэн суулгуулсан байна. Эдгээрээс 9-өөс бусад нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгажээ. Монголд Эрхтэн шилжүүлэх мэс ажилбар хийхэд эмчилгээний зардалд дунджаар 16-85 сая төгрөг шаардагдаж байна.

Гэвч донорын эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас өвчтөн тэр бүр Монголд мэс засал хийлгэх боломжгүй байгаа юм. Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс уруу явсан гэсэн тоо байна. Тэд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч байгаа юм.

Тиймээс шинэчилсэн хуулийн хамгийн чухал өөрчлөлт бол  АМЬГҮЙ ДОНОРООС эрхтэн шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл амьгүй донороос эс, эд, эрхтэн авснаар өөр нэгэн хүний амийг аврах боломжтой гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр амьд донороо хамгаалж, амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлд оруулахгүй байх давуу тал бүрдэнэ.


Хэн донор болох боломжтой вэ?

Хуулиар донор нь АМЬД, АМЬГҮЙ хэмээн хоёр төрөл байх юм.

Амьд донор: Сэтгэцийн хувьд эрүүл, 25 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан байна. Харин хүүхдийн хувьд 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна. Гэхдээ хүүхдийн хувьд зөвхөн ясны хэм, чөмөг, хүйн цусны донор болох боломжтой. Харин 14-өөс доош насны хүүхэд донор болох боломжгүй гэж хууль санаачлагчид үзсэн юм.

Амьгүй Донор: Тархины үхэлтэй /нас барсан/ нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна. Нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авах юм.


Донор болох зөвшөөрөл

Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор хуульд заасан. Харин тухайн иргэн 25-аас доош настай бол амьгүй донор болгох боломжгүй юм. 25 насыг бие хүн төлөвших, шийдвэр гаргахад хангалттай нас хэмээн хууль санаачлагчид үзсэн. Харин Олон улсын жишигт донор болох эсэхээ мэдүүлдэг насыг 18, 20 нас хэмээн тогтоосон байдаг байна.


Эмчилгээний зардлыг 4 дахин бууруулсан

Энэ хуулиар мөн санхүүжилтийн тогтолцоо шийдэгдсэн. Санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн /өвчтөн/ төлөх төлбөр, Засгийн газрын тусгай сан, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

Донорын цус, цусан бүтээгдэхүүн болон донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний үнийн жишгийг Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайд хамтран батлах юм.

"Үүний үр дүнд иргэнээс гарах санхүүжилтийг 20 хувиас хэтрэхгүй гаргаж байхаар болсон."

Өмнө нь иргэн эмчилгээний зардлынхаа 80 орчим хувийн өөрсдөө гаргаж байсан. Хууль гарснаар иргэний санхүүгийн дарамт 4 дахин буурсан.


Хуулиар хориглосон зүйл

  • Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно

  • Донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно.

  • Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбар гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн нь донор болон реципиент /өвчтөн/, тэдний гэр бүлийн гишүүнээс төлбөр, урамшуулал авахыг хориглоно.

  • Цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг ашиг олох зорилгоор экспортолж, импортлохыг хориглоно.

Хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга "Энэ хууль дээр улс төрчид нилээн болгоомжилж байcан. Учир нь Донорын тухай хууль гарснаар эд, эрхтэн наймаалах, хүний амь насанд халдах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байна. Тийм ч учраас ажлын хэсэг жил шахам нухацтай ажилласан" 

Хуульд эд, эс, эрхтэн импортлох, экспортлохыг хориглосон эрсдэлээс хамгаалах чухал заалт юм. Ингэснээр хэн нэгний эд, эс, эрхтний авах зорилгоор амь насыг нь хөнөөх, хөнөөлөө гэхэд ашиглах боломж тун хязгаарлагдмал гэсэн үг. Мөн үүнээс гадна эмнэлзүйн шинжээрээ таарах, таарахгүй байх асуудал бий. Тиймээс энэ хууль гарснаар хүний эрхтний наймааны нөхцөлийг бүрдүүлж байгаа зүйл биш ээ хуулийг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг үзсэн байна. 

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, мөн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм.


Тээгч эх:

Тээгч эхтэй холбоотой зохицуулалт уг хууль өргөн агуулгаар орж ирээгүй ч тодорхой хэдэн зохицуулалтыг тусгаж өгсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэйг тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг уг хуулиар зөвшөөрсөн. Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн амьд төрөлтөд ашиглах юм.


Гадаад улс уруу гарах мөнгөн урсгал буурна

Иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулна. 2015-2016 онд эрхтэн шилжүүлэх эмчилгээнд гадаад руу 7 тэрбум, жилд 3.5 тэрбум төгрөг зарцуулж байсан. Энэ хуулиар санхүүжилтийн тогтолцоог шийдэж өгснөөр иргэд эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Улсын төсөвт тэр бүр бие дааж эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зардалд төсөв суудаггүй байсан ч дэвшил гарсан. 2017 оны төсвийн тодотголд 700 сая, 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт баталсан юм.

Манай улсад жилд 20 орчим иргэнд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөж байгаа ч, 40 орчим иргэнд элэг шилжүүлэн суулгах бүрэн баг, эмнэлэг бүрдсэн байна. Иймээс шаардлагатай  төсвийг хангалттай шийдэж чадвал олон хүмүүс эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох боломжтой.


Донорын үйл ажиллагаанд  хууль, хүний эрхийг дээдлэх, хүмүүнлэг, энэрэнгүй, ялгаварлан гадуурхахгүй байх, аюулгүй байдлыг хангах, хувь хүний нууцыг хамгаалах, авлагагүй, сайн дурын байх гэсэн зарчмыг баримтална. 

Энэ хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: 2018.02.21 | www: Vip76.mn