Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар Байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр: УИХ-ын гишүүн Д.Гантулга шинээр батлагдсан Донорын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Шинэ хуульд зааснаар Үүдэл эсийн үндэсний банк байгуулах бөгөөд энэхүү банк байгуулагдсанаар цусны хавдар, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох аж.
Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хоригложээ. Ингэснээр донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлэх юм байна.
Эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах алба байгуулахаар хуульчилсан бөгөөд энэ алба өчигдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлсэн.
Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтнийг авах бөгөөд хууль заасны дагуу зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэх аж. Харин амьд донор 25 насанд хүрсэн байх ёстой гэж заажээ. Гэхдээ хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авч болох бөгөөд 14 хүртэлх настай бол эцэг, эх, болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ясны хэм, чөмөг нь эргэн төлждөг тул авч болохоор заасан бөгөөд 25 нас хүрээгүй иргэнээс эс, эд, эрхтэн авахгүй байхаар хуульчилсан гэдгийг тэрбээр онцолсон юм.
Эх сурвалж: 2018.03.02 | vip76.mn