“Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын хурал” болж байна

Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурал"-ыг зохион байгуулж байна. Уг хурал өнөөдөр 09:00 цагаас Blue Sky зочид буудалд эхэллээ.

“Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын хурал” болж байна

Хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Нэнси Ашер, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн, УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, хурлын зохион байгуулах хорооны дарга, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Саранцэцэг болон бусад эрдэмтэн, эмч нар оролцож байна.

Олон улсын хуралд 10-аад орны 20 гаруй эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ "Эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ, зөвхөн элэг, бөөр зэргээр хязгаарлагдах биш МУ-ын засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд зүрх, уушиг, нойр булчирхай шилжүүлэн суулгах бодлогыг гарган ажиллана. Үүнтэй уялдуулан эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг төрөөс баримтлах бодлогод тодорхой тусгасаар ирсэн. Тухайлбал, бөөрний дутагдал, элэг цөсний өвчлөл, тэр дундаа В, С вирус зэрэг эрхтэн шилжүүлэн суулгахад хүргэдэг өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. МУ-ын засгийн газраас “Элэг бүтэн монгол хөтөлбөр”-ийг баталж, орон даяар элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар ажлын явц 70-80 хувьтай байна. Цаашлаад илрүүлэг шинжилгээнд үндэслэн идэвхижилээ тоолж, эмчилгээний асуудлаа шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Гемодиализийн тусламж үйлчилгээний хувьд диализийн аппаратанд тогтмол ордог 586 иргэний эмчилгээний асуудлыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол МУ-ын иргэд болон эрүүл мэндийн салбарын ачааллыг тэнцвэржүүлж, анх удаагаа МУ-ын Засгийн газар хувийн хэвшилд төрийн мөнгөөр хөрөнгө оруулалж хийж, иргэдийн эдийн засгийн хямралыг шийдвэрлэж чадсан бодлогын чанартай арга хэмжээ байлаа." хэмээлээ. Мөн энэ үеэр энэхүү хурлыг зохион байгуулж байгаа багийн хамт олонд талархал илэрхийллээ. 

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч: Нэнси Ашер "Манай байгууллага нь дэлхийн олон улсын хурлын зохион байгуулагчийн нэг болон оролцож байгаадаа баяртай байна. Энэ хоёр өдөр Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдлыг тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Бид нягт холбоотой ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэн ажиллахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна." хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж яваа нийт эмч мэргэжилтнүүд болон гадны зочид төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Анх 2000 онд Монгол улс донорын тухай хуультай болж, 2012 онд энэ хууль шинэчлэгдэж байсан. Ер нь донорын тухай хууль шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Азийн улс орнуудын хувьд нас барсан хүний цогцсыг хөндөхгүй байх гэсэн Дорнын соёлтой ард түмний хувьд энэ уламжлалыг эвдэж, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн алхахад туршлага судлах, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх нь маш чухал байдаг. Нөгөө талаар донорын тухай хууль батлагдсанаар хэн нэгний амь насыг санаатайгаар хохироох зэрэг гэмт хэрэг гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа учраас энэ чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалт хийхдээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй.

Эрхтэн шилжүүлэн суулгахад чиглэлээр дэвшилттэй ажиллаж, эрүүл  мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийх байгаа эрүүл мэндийн салбарын хамт олондоо илүү их амжилтыг хүсэе. Энэ талаар УИХ-ын зүгээс хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр дэмжин, хичээж ажиллана." гэсэн юм.

Тус хурлын гол зорилго нь  бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч судлаачдад олгоход орших юм. 

Эх сурвалж: 2017.07.09 | Olloo.mn