Элэг шилжүүлэн суулгах хагалгааг 60-70 хүн тогтмол хүлээдэг

ХСҮТ–ийн эмч нар, БНСУ–ын  Самсунг эмнэлэгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2018 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр амжилттай хийлээ. Анхны хагалгааг элэгний В, С вирусын халдвартай эрэгтэйд хийсэн бөгөөд 20 настай дүү нь догор болсон байна. 40 гаруй эмч оролцсон уг хагалгаа нийт долоон цаг гаруй үргэлжилж хагалгааны явцад ямар нэгэн хүндрэл гараагүй ба өнөөдрийн байдлаар донор болон өвчтөний биеийн байдал сайн байгааг ХСҮТ –ийн эмч нар мэдэгдээд байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа 2015 оны  тавдугаар сард Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийсэн ба манай улс элэг шилжүүлэн суулгасан дэлхийн 36 дахь орон болсон юм.

Жилд дунджаар 2000 орчим элэгний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүний 10 хувь буюу 200 хүнд нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх шаардлагатай болдог аж. Элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй 200 хүний дийлэнхи нь эдийн засгийн боломжгүйгээс өвчиндөө бууж өгөх эсвэл амьдралаа дэнчинд тавиад, өрөнд оронгадаад орныг зорьж буй нь гашуун үнэн. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хамгийн хямд хийдэг нь Энэтхэг улс. Үнэ нь 35.000 – 40.000 америк доллар.  Бусад дагаж гарах зардлуудаа нэмбэл 100 орчимсая төгрөг болдог байна. Ийм хэмжээний зардал гаргаад  Монголын 60 хүн жилд Энэтхэгийг зорьж элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэдэг. Европын орнуудад үүнээс хоёр, гурав дахин өндөр өртөгтэй. Монголчуудын хэдэн хувь нь хамгийн хямд өртөг буюу 100 сая төгрөгийг эмчилгээнд зориулах боломжтой вэ?

Гэхдээ 2016 оны гуравдугаар сарын 15нд Засгийн газар Элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийх шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр гарснааас хойш Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 40 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж байгаа ч эрэлтээ дийлэхгүй байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг тогтмол 60-70 хүн хүлээдэг. 

Эх сурвалж: 2018.01.29 | http://www.tusgal.mn