П.Батчулуун: Элэг солиулах хагалгааны зардал 80-85 сая төгрөг болж нэмэгдэнэ

Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар өндөр өртөгтэй зарим мэс заслын зардлын тодорхой хувийг Даатгалын сангаас даахаар болсон ч хамгийн чухал эмчилгээний төсвийг энд орхигдуулсныг “Өнөөдөр” сонин өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг огт тусгаагүй, ирэх онд ч сураггүй, харин 2017 оноос магадгүй гэж холбогдох албаныхан ярьж байна. Манайд жилд дунджаар В, С вирусийн улмаас 2000 орчим хүн элэгний хавдраар өвчилж,1600 гаруй нь нэгээс хоёр жилийн дараа нас бардаг гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун хэлэв. Төрийн данс улайж, ард иргэдийн амьдрал хүнд байгаа өнөө цагт бас нэг таагүй мэдээ дуулгах нь ээ. Бөөрний архаг дутагдал, элэгний хавдар, хатууралтай хүмүүсийн амьд үлдэх цор ганц боломж нь эрхтэн шилжүүлэн суулгуулах. Гэтэл эдгээр эмчилгээний зардал тун удахгүй нэмэгдэх гэнэ. Энэ талаар П.Батчулуун даргатай ярилцлаа.

-Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг нэмэхээр болжээ. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргав?

-Бид БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй 2008 оноос өдий хүртэл хамтран ажиллаж байна. 2011 оноос хойш өдгөө 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хамтарч хийжээ. Тэдний ачаар Монгол Улсын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 19, 20 дахь хүнд бие даан мэс засал хийсэн нь амжилттай болж, одоо үйлчлүүлэгчдийн бие маш сайн байгаа. Маргааш, нөгөөдөр (уржигдар) 21, 22 дахь хүнд элэг солих хагалгаа хийхээр болсон.

Энэ удаа “Асан”-тай хамтарна. Бид 2014 оны эхээр буюу 17, 18 дахь хүндээ элэг солих мэс засал хийж байхдаа хагалгааны бодит өртгийг тооцож үзсэн л дээ. Тэгэхэд нийт зардал нь 75-80 сая төгрөгт хүрч байсан. Гэтэл одоо 2016 он гарах гэж байна. Валютын ханш өсөж, бүх төрлийн барааны өртөг нэмэгдлээ. Ийм үед элэг шилжүүлэн суулгах хагалгааг 60 сая төгрөгөөр хийж яагаад ч хүрэхгүй.

Үүнд хагалгаа хийж буй эмч, мэргэжилтнүүдийн ажлын хөлс, элдэв янзын шагнал урамшуулал огт багтдаггүй. Зөвхөн өвчтөнд хийх мэс засал, түүнд шаардлагатай ороох боох материал, судас тариа, цус цусан бүтээгдэхүүн зэрэгт зарцуулаад дуусдаг. Хагалгааны явц хамгийн багадаа 14-15, бидний бие дааж хийсэн мэс засал 30 гаруй цаг үргэлжилсэн. Энэ хугацаанд маш их хэмжээний мөнгө шаарддаг.

Тиймээс элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг 80-85 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр ярьж байна. Харин бөөр солих хагалгааг 30-35 сая төгрөг болгох байх. Нэмэх шийдвэр нь зэрэг гарч таарна. Үүнд мэс заслын дараах бүтэн сарын эмчилгээний өртөг бас багтсан байдаг.

-Хүмүүс сайн ойлгохгүй байж мэдэх юм. Яг ямар эмчилгээнд нь ийм их мөнгө зарцуулдгийг тодорхой хэлж өгөөч?

-Нэгдүгээрт, элэг, бөөр шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн олонх нь вирустэй байгаа. Өөрөөр хэлбэл, элгээ солиулж буй бүх хүн В, С вирусээс болоод хатуурал, хавдраар өвчилсөн байна. Ийм өвчтэй хүмүүсийн эрхтнийг солилоо гэхэд аав ээж, хамаатан садан, ах дүүгээс нь цоо эрүүл элэг, бөөр авч, суулгах шаардлагатай. Гэсэн ч нөгөө хүний судсанд вирус нь байсаар л байдаг.

Түүнийг шинэ элгэнд амьдрах нөхцөл бүрдүүлэхгүйн тулд бид вирусийн эсрэг эмчилгээ зайлшгүй хийдэг. Энэ нь хагалгааны дараа хийдэг эмчилгээнүүдээс хамгийн өндөр үнэтэй. Үүнийг бид “Асан” эмнэлгийн эмчилгээний заавар, стандартын дагуу хийдэг учраас элэг суулгуулсан хүмүүсийн вирус дахихгүй байгаа. Хэрвээ өвчтөн шинэ элэгтэй болчихоод вирусийн эсрэг эмчилгээ хийлгэхгүй бол нөгөө эрхтэнд маань вирус очоод наалдчихна.

Тэгэхээр хэдэн жилийн дараа дахиад л хуучнаасаа ялгарах юмгүй болно шүү дээ. Тиймээс маш их мөнгө үүнд зарцуулдаг. Нэг удаа эмчилгээ хийхэд л 35-350 ам.доллар байх жишээний. Тухайн өвчтөнийг үзээд вирус идэвхжих янзтай болоод ирэнгүүт ийм эмчилгээ хийж эхэлдэг. Хоёрдугаарт, донороос авсан эд эрхтнийг ондоошуулалгүй, өвчтөний өөрийнх мэт болгуулахын тулд дархлаа дарангуйлах эм байнга ууна.

...ДЭМБ золгүй байдлаар осолд орсон, эсвэл цус харваад тархи нь үхэжсэн, клиник үхэлд орчихсон, хиймэл амьсгалаар торгоож байгаа, амьдрах ямар ч боломжгүй хүмүүсийг “Энэ хүн үхсэн. Тиймээс эд эрхтнийг нь авч, донор болгож болно” гэж үзэж байна. Эрүүл хүнийг донор болгож, эрсдэлд оруулахгүй гэсэн санаа шүү дээ. Манай улс тархины үхэлтэй дөрвөн донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байдаг...

Ингэхээр тухайн хүн элдэв янзын нян, мөөгөнцөрт өртөмтгий болдог. Энэ мэт халдвараас сэргийлэхийн тулд янз бүрийн эмчилгээ бас хийдэг юм. Гэтэл хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг машины мотор сольж байгаа мэтээр бүх зүйл сайхан болчих юм шиг буруу ойлгодог тал бий. Дархлаа дарангуйлах эм ууж буй өвчтөнүүдийнхээ биеийн байдал, эмийн тунг долоо хоног тутам шалгадаг.

Сүүлдээ хоёр долоо хоноод нэг удаа ч юм уу. Ямар нэгэн хүндрэл гараагүй, бүх эмчилгээ нь эмчийн зааврын дагуу явж байгаа хүмүүст шаардаж буй зардал гэж ойлгоорой. Ер нь элэг, бөөрөө солиулсан хүмүүс 20, 25, хэдэн ч жил амьдрах нь хамаагүй. Энэ хугацаанд ар гэрийнхнээс нь байнгын санхүүгийн бололцоо шаарддаг.

Хэрвээ судасны битүүрэл, цөсний замын хүндрэл, эрхтэн нь ондоошиж, ховхрох эрсдэл үүсвэл илүү их мөнгө гаргаж ч мэдэх юм. Ийм тохиолдолд ЭХО-гоор оношлох, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх, MRI, компьютерт томографи, ангиографид харах шаардлага гарна.

-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг аргагүйн эрхэнд нэмж буйг ойлгож байна. Гэхдээ энэ нь иргэдэд маш хүнд тусна шүү дээ.

-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа өндөр технологийнх. Үүнийг эх орныхоо хөрсөнд нутагшуулахын тулд нэгдүгээрт, улс орон санхүүгийн бололцоотой байх ёстой. Хувь хүмүүс ч ялгаагүй. Хагалгааны зардлаа өөрөө гаргачих хэмжээний чадамжтай байх учиртай. Гэтэл Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хуульд өндөр өртөгтэй мэс заслыг даатгалаас санхүүжүүлнэ гэсэн боловч үнэнхүү зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй.

Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг хөнгөлөх талаар нэг ч заалт тусгаагүй. Яагаад гэвэл манай улсын Эрүүл мэндийн даатгалын сан дээрх хагалгааны тодорхой зардлыг даах хэмжээний санхүүгийн эх үүсвэргүй, ядуу байна. Хэрвээ даатгалаас эдгээр эмчилгээний зардлын тодорхой хувийг санхүүжүүлбэл олон хүний амь аврахаас гадна, эмч нарын ур чадвар сайжирч, энэ төрлийн тусламж, үйлчилгээний чанар дагаад дээшлэх байлаа.

Үүнээс болоод хүмүүс “Энэтхэгт элэг солих хагалгааг 35000 ам.доллараар хийдэг” гэх үгэнд хууртаад тийш олноороо явах болсон. Харамсалтай нь энэ мөнгө зөвхөн хагалгааны зардалд шингээд дуусдаг. Тухайн өвчтөн мэдээж ганцаараа явахгүй. Ирж, очих тээврийн зардал, тэнд эмчлүүлэх нэг сарын хугацаандаа байр, зочид буудал түрээсэлж таарна.

Хагалгаанаас гадна хийсэн бүх эмчилгээ нь тусдаа өртөгтэй. Ингэсээр 100 мянган ам.долларт хүрдэг. Энэ их мөнгийг гадаад руу гаргалгүй, иргэдийнхээ зардал чирэгдлийг бууруулахын тулд бид хагалгаа, эмчилгээгээ сайн хийх хэрэгтэй. Улсаас эмчилгээний зардлыг хөнгөлөх ёстой. Хүний амь хамгийн үнэтэй. Тиймээс хийж буй эмчилгээ ч өндөр өртөг шаардах нь дамжиггүй.

Дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардал маш өндөр байдаг. Манайх 80 сая төгрөгөөр тогтлоо гэж бодоход БНСУ, Сингапур, АНУ-д 150-250 мянган ам.доллар байх жишээтэй. Манайх тэднээс юугаараа ялгаатай вэ гэхээр мэс заслын дараах бүтэн сарын эмчилгээний зардлыг үндсэн үнэд нь багтаасан байдаг.

Гэвч манайхны амьжиргааны түвшин ямар байгаа билээ. Халааснаасаа 80 сая төгрөг гаргаад өгчих чадалтай хүн хэд байна. Тиймээс л даатгалаас эдгээр эмчилгээний зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

-Манай улсад яагаад элэгний өвчтэй хүн ийм олон байдаг юм бэ. Таны таамаглаж буйгаар энэ хэцүү үе хэзээ дуусах бол?

-Улс даяар элэгний В, С вирустэй маш олон хүн байна. ЭМСЯ, “Оном” сангийнхны хийсэн хамгийн сүүлчийн судалгаагаар хүн амын 12 хувь нь С вирустэй. В вирусийн халдварын улмаас элэг нь хатуурсан хүний тоо дэлхийн дунджаас найм дахин олон байна. Жилд дунджаар 1950 хүн элэгний хавдартай хэмээн оношлогдож, эдгээрийн 1600 нь нэгээс хоёр жилийн дараа нас бардаг гэх харамсалтай тоо ч бий.

1960-1980 онд В, С вирусийн халдвар авсан хүмүүс өнөөдөр хатуурал, хавдартай болсон байна. Тухайн үеийн өрх, тосгоны эмнэлгүүд зүү тариур, багажаа буцалгаж хэрэглэдэг байсантай холбоотой. Хагалгаа хийж буй эмч нар нь бээлийгүй, бээлийтэй нь дахин угааж өмсдөг байсан. Бас тухайн хүний ариун цэвэр, хоолны буруу дэглэм гээд маш олон шалтгаан үүнд нөлөөлсөн л дөө. Зүү эмчилгээ хүртэл байлаа шүү дээ.

10 жилийн дараа гэхэд В, С вирусийн шалтгаант элэгний хавдар, хатууралтай хүний тоо буурна. Тэгэхээр бид энэ хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсээр л байх нь. Түүний дараа вирусүүд устаад, нас барах нь жамаараа “явж”, өөр шалтгаанаар буюу бидний өдөр тутмын идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүдээс үүдсэн өвчний улмаас эрхтэн шилжүүлэн суулгадаг болно. Баруун Европ, АНУ-д аль хэдийнэ ийм эмчилгээ хийгээд эхэлчихсэн байна.

-Манай эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийж чаддаг болсон. 21, 22 дахь хүнд хийх мэс заслыг “Асан” төвтэй хамтрах болсон шалтгаан нь юу вэ?

-Аливаа зүйл дандаа шинэчлэгдэж байдаг. “Бид хагалгаа хийж чаддаг боллоо. Одоо та нар бидэнд хэрэггүй” гэж хэлж болохгүй шүү дээ. Тэд бидэнд хагалгааны явцад гарч байсан хүндрэлүүдийг хэрхэн шийдэхийг заасаар л байна. Та нарын ярьдгаар “update” хийж байна гэх үү дээ. Бид “Асан”-тай дахиад таван жил хамтрах гэрээтэй.

Тэднээс суралцах зүйл бишгүй. Манай эмч нар бие даасан эхний хагалгаагаа 30 гаруй цаг хийсэн. Анхны хагалгаа учраас ямар ч алдаа гаргаж болохгүй. Ингэхийн тулд яарахгүй, гэхдээ удахгүй гэсэн зарчим баримталсан. Хагалгааны явцад хийж буй эмчилгээнүүдээ шалгаж, зураг дарах, ЭХО-д харж ярилцсаар нэг мэдэхэд л цаг нүд ирмэхийн зуур өнгөрдөг юм билээ.

Тэрнээс биш ядарсандаа, эсвэл ажлаа хийж чадахгүй гээд хүлээсэн зүйлгүй. Харин дараагийнхаа хагалгааг 14 цагаар богиносгосон. Яарахгүй, бүх ажлыг зогсолтгүй хийсээр сайжирч байна. Хагалгааг олон, цөөн цаг хийхдээ гол биш. “Хэр удаан, зөөлөн явна, төдий чинээ хол явдаг” гэсэн Орос ардын зүйр үг байдаг даа. Манай үндэсний багт 44 хүн ажиллаж байна.

-Донороос элэгний хэдэн хувийг нь авч, өвчтөнд шилжүүлдэг юм бол. Энэ нь хэдий хугацааны дараа нөхөн төлждөг вэ?

-Амьд донороос элэгнийх нь 65-75 хувийг авах заалттай. Бид өдгөө 65 орчим хувийг нь авч, өвчтөнд суулгадаг. Нөхөн төлжих хугацаа нь 6-12 сар. Энэ хугацааны дараа донорын элэгний 90 орчим хувь нь “ургасан” байдаг. Грекийн хаданд цовдлуулсан Прометейн элгийг бүргэд өглөө бүр ирж иддэг байсан гэх домог бий. Тэр үед ч гэсэн элэг нөхөн төлждөгийг мэддэг байж.

Хамгийн гол нь донорын асуудалд няхуур хандах хэрэгтэй. Дээдийн дээд өглөг өгч буй хүнийг ямар нэгэн байдлаар хохироож болохгүй. Тэр хүн донор болсныхоо төлөө эрсдэж ч мэднэ. ДЭМБ саяхныг хүртэл амьд донороос эрхтэн шилжүүлэхийг бараг 100 хувь дэмжиж байсан. Харин одоо тархины үхэлтэй хүнийг донор болгохыг илүүд үзэж байна.

Золгүй байдлаар осолд орсон, эсвэл цус харваад тархи нь үхэжсэн, клиник үхэлд орчихсон, хиймэл амьсгалаар торгоож байгаа, амьдрах ямар ч боломжгүй хүмүүсийг “Энэ хүн үхсэн. Тиймээс эд эрхтнийг нь авч, донор болгож болно” гэж үзэж байна. Эрүүл хүнийг донор болгож, эрсдэлд оруулахгүй гэсэн санаа шүү дээ. Манай улс тархины үхэлтэй дөрвөн донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байдаг.

Эх сурвалж: 2015.10.02 | http://mongolnews.mn | О.Бат-Ундрах