Д.Нямсүрэн: Элэг шилжүүлэх хагалгааг 30-40 сая төгрөгт багтаагаад хийчихвэл болох болов уу

-Хүн төрөлхтөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Анагаахын шинжлэх ухаан үүссэн цагаасаа эхлэн аливаа өвчнийг оношлох, бүрэн эдгээх боломжийг хайсаар ирсэн. Бүр хүнийг мөнхжүүлэхийн төлөө тэмцэж байв. Гэхдээ оюун ухаант хүний амьдрал ч төгсгөлтэй. Хэн ч, ямар ч өвчнөөр өвдөж болно. Эмчлэгддэг хийгээд эмчлэгддэггүй өвчин гэж бий. Иймд эрхтэн шилж үүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болсон. Барууны эрдэмтэд 1800-аас 1900 оны дунд үе хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг үр дүнд хүргэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан байдаг. Хэдийгээр 1950-иад он гэхэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж чаддаг болсон ч дархлаа дарангуйлах эмчилгээ төгс болоогүй байв. 30 гаруй жил ажилласны эцэст 1980-аад онд дархлаа дарангуйлах эмчилгээнд хувьсгал хийж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг бүрэн эмчилдэг болсон юм. Энэ л үеэр хөгжингүй орнуудад бөөр, уушиг, зүрх, ясны чөмөг, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг шилжүүлэн суулгадаг болжээ.

-Харин манай оронд энэ төрлийн хагалгааг хэзээнээс хийдэг болсон бэ?
-Монголд 1930-аад оноос өрнийн анагаах ухаан хөгжсөн. Төр засгийн зүгээс анагаах ухааныг хөгжүүлэхэд ихээхэн ажил хийж 1970-аад он гэхэд өөрөөс нь өөрт нь арьс шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болсон. Улмаар 1990-ээд оны эхээр бөөр шилжүүлэн суулгах эмч нарын баг байгуулсан. Тухайн үед эмч нарын баг төдийлөн бэхжээгүй байсан учир дорвитой эмчилгээ хийж чадаагүй юм. Иймд Анагаах ухааны үндэсний хүрээлэнд эрхтэн шилжүүлэн суулгах буюу бөөр шилжүүлэн суулгах цэгц төсөл хэрэгжүүлж, 1996 оны долдугаар сарын 8-нд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч эмчлүүлэгчийн бие хүндэрсэн байсан учир удаан амьдраагүй. Өнөөдрөөс 15 жилийн өмнөх эмчилгээ, тоног төхөөрөмжийн ялгаа их. Эмчилгээний нөхцөл байдал ч сайнгүй байлаа. Эгч нь дүүдээ амьдрал бэлэглэхийн тулд бөөрөө өгснөөр анхны хагалгааг хийсэн юм. Эндээс бид бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийхийн тулд сайн лаборатори, хууль эрхзүйн орчин, эмч нар чадваржих шаардлага байгааг ойлгосон.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд нарийн шинжилгээ хийх шаардлагатай гэж бодож байна. Ийм нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Бид 2000 он гэхэд л материаллаг баазаа бүрдүүлж чадсан. Улсын клиникийн төв эмнэлэг Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар молекул биологийн лаборатори болон дагалдах хэрэгсэлтэй болоод байв. Эндээс нарийн шинжилгээ хийх үндсэн нөхцөл бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ явуулах цаашдын хөгжлийн зам шулуудсан. Эмч нарын багийг бэхжүүлэх, сургах үүднээс 1998 онд Хятадын Бээжин хотын найрамдлын эмнэлэгт, 2001 онд Өмнөд Солонгост бөөр шилжүүлэн суулгах сургалтад хамрагдсан. Мөн 2006 онд Олон улсын бөөр шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч асан Маурис Слапакийн дэмжлэгтэйгээр монгол эмч нар Хятад, Таиландад давтан сургалтаар мэргэжил дээшлүүлсэн. Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд 2006 оны наймдугаар сарын 9-нд Улсын клиникийн төв эмнэлгийн үндэсний багийн эмч нар анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Үүнээс таван сарын өмнө Монгол Улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар Н.Баасанжав, гавъяат эмч Л.Жамбалжав нар Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран монгол хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн юм. Ийнхүү Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас биднийг дэмжсэний дүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг эх орныхоо хөрсөнд суулгаж чадсандаа бид баяртай байна.

-Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ дэлхийн жишигт хүрч чадсан уу?
-Эрдэмтний хувиар болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний багийн ахлагчийн хувиар гадаад, дотоодын хурал зөвлөгөөнд оролцдогийн хувьд манай эрүүл мэндийн салбарт хоцрогдол бий гэдгийг хүлээн зөвшөөрнө. Дэлхийн анагаах ухааны хөгжил дэвшил биднээс 20 жилээр түрүүлж яваа бол бид бөөрний мэс заслын хөгжлөөс 10-аад жилээр хоцорч явна гэж боддог. Ямартаа ч Монголын анагаах ухааны салбар ямх ямхаар хөгжиж байгааг хэлэх байна. Бид бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг орчин үеийн аргаар хийж, хамгийн орчин үеийн дархлаа дарангуйлах эмийг хэрэглэдэг. Хагалгаа хийгээд зогсохгүй өвчтөнийг хагалгаанд бэлтгэх болон хагалгааны дараах орчин үеийн шаардлагад нийцсэн хяналтын систем бүрэн тогтлоо.

-Жилд хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломжтой вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг амар биш. Өнөөдрийн байдлаар бид 50 дахь бөөрөө шилжүүлэн суулгаад байна. Жилд 10-аад бөөр шилжүүлэн суулгадаг. Үүнээс олон хүнд эмчилгээ хийх боломж байна уу гэвэл нэг талаар бий. Гол нь донорын хомсдолд ордог. Гадны орнууд тархины үхжилтэд орсон бурхан болох гэж байгаа хүмүүсийн зүрх, уушгийг зохиомлоор удирдан цусны эргэлтийг хэвийн хэмжээнд ажиллуулж байгаад ар гэрийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд эрхтнийг нь авч амь насны аюулд орсон өвчтөнд шилжүүлэн суулгадаг. Гэтэл монголчуудын сэтгэхүйд ийм төлөвшил суухгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аль болохоор цогцосны донорыг ашиглахыг зөвлөдөг. Харин бид бололцоогоороо ажилласны дүнд гурван цогцосноос зургаан бөөр авч шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн нь амжилттай болсон.

-Донорын хууль 2000 онд батлагдсан. Гэвч иргэд эрхтнээ зарж болно гэсэн ойлголттой байдаг.
-Донорын хуулийн дагуу цусан төрлийнх нь хүн бөөрөө өгөхийг зөвшөөрдөг болохоос худалдаалахыг хориглодог. Хос эрхтний нэг нь байхгүй гээд тухайн хүний амьдралын чанар өөрчлөгдөхгүй. Бөөрний донор болсноор ойр дотныхоо хүнд амьдрал бэлэглэж өгүүлшгүй буян үйлдэх юм. Гэхдээ донорын хуулиар цусан төрлөөс бусад хүн сайн дурын үндсэн дээр байсан ч эрхтнээ шилжүүлэхийг зөвшөөрдөггүй. Эхнэртээ нөхөр нь өрөөсөн бөөрөө өгье гэвэл Донорын хуулийг зөрчих болно. Мөн цусан төрлийн холбоогүй боловч багын найз, өргөмөл хүү нь бөөрөө өгч болохгүй. Иймд бид хуульд өөрчлөлт оруулахаар хөөцөлдөж байгаа. Монголчууд бид 2.7 саяуулаа. Монголд хэн ч илүүдээгүй. Тэгэхээр бид бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний бааздаа тулгуурлан элэг, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр ажиллаж байна. Би өөдрөг үзэлтэй хүн. Өнөөдөр Монгол орон хөрөнгө мөнгөтэй болж байгаа болохоор эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эмчилгээнд ахиц гарна гэдэгт итгэдэг.

-Монголчуудын дунд элэгний өвчлөл их. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгах эмчилгээ ямар шатандаа явна вэ?
-2006 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээний багийг бэлтгэж эхэлсэн. Олон гахайн дээр элэг шилжүүлэн суулгасан нь амжилттай боллоо. Одоогоор бид материаллаг баазаа бэхжүүлэх, боловсон хүчнээ дадлагажуулахад анхаарч байна. Эхний хагалгаануудыг Солонгосын эмч нартай хамтарч хийхээр төлөвлөсөн. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг өөрийн оронд хийдэг болбол олон хүний алтан амийг аврах боломжтой. Нөгөөтэйгүүр монголчуудынхаа гадаадад өндөр үнээр эмчлүүлдэг байдлыг багасгаж, дэлхийн шинжлэх ухаанд манай орон хувь нэмрээ оруулах болно.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн хэр их вэ?
-Зөвхөн элэг шилжүүлэн суулгахаар хүлээх хуудсанд орсон 20 гаруй хүн байна. Ер нь шаардлага их. 1960-1970- аад оны үед төдийгүй 1990 онд ч манайд нэг удаагийн тариур гэж байсангүй. Нэг айлаас нөгөөд дамжуулан буцалгаад тарьдаг байв. Эмнэлэг хүртэл тариураа чадлынхаа хэрээр /бүрэн ариутгаж чадахгүй/ ариутгадаг бүдүүлэг технологитой байсны гор өнөөдөр гарч байна. Үндсэндээ В хэлбэрийн болон бусад хэлбэрийн элэгний вирүсыг бид зохиомлоор тараасан улс. Өөр хүчин зүйл байгаа боловч голлох нөлөө нь энэ. Харин бөөрний хувьд хиймэл бөөрний аппаратад 140 гаруй хүн орж байна. Тэгэхээр 140 хүнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай. Бид бүх хүнд донор олоод эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийж амжихгүй юм. Ах, дүү нарынх нь дунд донороо сонгон үзүүлж байгаа хүн байдаг ч ихэнхээс нь ямар нэгэн өвчин илэрдэг нь харамсалтай.

-Өвчин зовлонд нэрвэгдсэн өдий төдий хүн гадаадад өндөр үнээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэдэг. Харин өөрийн оронд эмчилгээ хий гэвэл ямар үнэтэй байх бол?
-Бид бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 12 сая төгрөгөөр хийдэг. Үүний найм орчим сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлдэг. Тэгэхээр иргэдээс дөрөв орчим сая төгрөг гарах юм. Мэдээж нарийн шинжилгээний зардал нэмэгдэнэ. Ийм төрлийн эмчилгээг гадаадад 20-30 мянган ам.доллараар хийдэг. Зөвхөн хагалгаа хийлгээд болчихгүй. Тухайн өвчтөнд туслах эмчилгээ, өөрийнх нь хийгээд дагаж явах ойр дотны хүнийх нь замын зардлыг тооцвол 40-50 мянган ам.доллар шаардлагатай. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ үүнээс хэд дахин өндөр үнэтэй. Солонгост элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд 200 мянган ам.доллар. Ийм төлбөрийг дийлэх хүн бидний дунд цөөхөн шүү дээ. Мэдээж хагалгаанд орох хүртлээ өвдсөн хүн олон жилийн турш эмчилгээний зардалд халаасан дахь мөнгөө өгөөд дууссан байж таарна. Тэгэхээр Монголдоо элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг болох зайлшгүй шаардлага байна. Төр засгийн дэмжлэг, эмч нарын хүчин чармайлтын дүнд аль болох монголчуудынхаа тусын тулд “үнэ” тавихыг хичээнэ. Эхний ээлжинд бид элэг шилжүүлэн суулгах хагалгааг 30-40 сая төгрөгт багтаагаад хийчихвэл болох болов уу гэсэн тооцоо хийгээд байна.

-Та яг хэзээнээс элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж чадахыг хэлэхгүй юу?
-Нэгдүгээр улиралд арай амжихгүй. Бид ирэх зунаас хагалгаа хийх нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Юутай ч энэ ондоо багтан элэг шилжүүлэн суулгах эмчилгээг манай эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар оюун ухаан, ур чадлаа дайчлан хийхээр хичээж байна.

Эх сурвалж: 2011.02.09 | http://news.gogo.mn