О.Сэргэлэн: Элэг солиулах зардлын ядаж 50 хувийг даатгалаас төлдөг бол өвчтөн ядуурахгүй

-Монгол эмч нарын баг хоёр дахь удаагаа бие дааж, элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Мэс засал амжилттай боллоо гэж мэдээлэгдсэн. Манай эмч нар эрхтэн шилжүүлэн суулгахад тулгарч байгаа асуудал юу байна вэ?

-Бид 2007 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн ондоо туршилтын мэс заслын төсөв батлуулж авсан. Тэр нь дөрвөн сая төгрөг байлаа. Түүнийгээ бид гахай худалдаж авахад зарцуулсан юм. Гол нь хагалгаа хийж сурах зорилгоор гахайд мэс засал хийж байлаа. Төсөл дуусахад манай баг 12 гишүүнтэй байсан. Бид туршилтын мэс заслын хэсгээ дуусгаад, эмнэл зүйд нэвтрүүлэх хэсэг рүүгээ оръё гэхээр тухайн үед багаж, шаардлагатай эм тариа ч байгаагүй. Баг маань ч туршлагажаагүй. Зөвхөн 12 хүн яагаад ч дийлэхгүй юм байна. Их том баг байх ёстой юм байна гэж туршилтын мэс засал хийж байхдаа ойлгосон. БНСУ-ын АСАН төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Ли профессортой танил байсан. Түүнд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах багийг сургаж өгөөч гэсэн хүсэлт 2009 онд тавьсан юм. Тухайн үед Засгийн газраас сургалтын зардалд 25 мянган ам.доллар өгнө гэж байснаа бүтэхээ байсан. Ли профессорт “Бидний мөнгө бүтэхээ байлаа” гэхэд өөрийнхөө сангаас мөнгө гаргаж, анхны 12 хүнийг АСАН-д сургасан. Өнөөдрийг хүртэл бүтэн тав, зургаан жил БНСУ-ын АСАН сан манай багийг бүхэлд нь санхүүжүүлж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд сургасан. АСАН төв амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд нэгдүгээрт явдаг. 5000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан төв. Тийм учраас бид азтай. Энэ төвийг бараадаад, энэ улсуудын тусламжаар манай багийн хүн бүр таван жил дараалан Солонгост суралцсан. Дээрээс нь Солонгосын багийнхан Монголд ирж, 18 хүнд бидэнтэй хамтарч хагалгаа хийсэн юм. Сүүлийн гурван тохиолдолд үндсэндээ биднээр хийлгүүлээд, өөрсдөө хянасан. Ийм учраас бид өөрсдөө хийх чадвартай юм байна гэж ойлгосон. Шинэчлэлийн Засгийн газар 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч, түүгээр нь тоног төхөөрөмж авсан. Нэгэнт тоног төхөөрөмжтэй болж, баг бэлтгэгдсэн учраас 2015 онд өөрсдөө бие даан, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хоёр хүнд амжилттай хийлээ. Эхний хүн маань эдгээд гарсан. Хоёр дахь хүн маань эмчлүүлж байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгахад нийт хэдэн эмч ордог вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 40 гаруй хүнтэй баг байдаг. Энэ баг мэс засалч, мэдээгүйжүүлэгч, нойрсуулагч, эрчимт эмчилгээнийхэн, элэгний эмч нар, лабораторийн эмч нар, хагалгааны болон эрчимт эмчилгээний сувилагч нар, дүрс оношилгооныхон, эрдэм шинжилгээний баг гээд маш олон хэсгүүдтэй. Тийм учраас 40 гаруй хүн 20 гаруй цаг ажиллаж байж, энэ мэс засал бүтдэг. Дээрээс нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед нэгдүгээр эмнэлгийн аптек, инженер техникийн алба гээд бүгд ажилладаг.

-Энэ олон хүнтэй багийг яаж санхүүжүүлж авч явдаг вэ?

-Өнөөдрийг хүртэл бид 20 хагалгаа хийхдээ ямар нэг шан харамж урамшуулал, цалин хангамж нэхээгүй. Ерөөсөө л энэ мэс заслыг Монголд нутагшуулна гэдэг сэтгэлээр анхнаасаа баг болж ажилласан. Өвчтөнөөс 60 сая төгрөгийн төлбөр авдаг. Энэ бол 2010 онд тогтоогдсон тариф. Үүнийхээ 30 сая орчмыг В вирусийн эмэнд зарцуулдаг. Донорын хагалгаа, хагалгааны дараахь нэг сарын эмчилгээнд үлдсэн 30 сая нь хаанаа ч хүрдэггүй. Эмнэлэг үлдэгдэл 20 сая төгрөгийг нь дааж явдаг. Бидэнд үнэнийг хэлэхэд хоолны ч мөнгө бараг олддоггүй. Цаашдаа ингэж ажлын хавсарга болгож явуулах уу, эсвэл тусад нь бүтэц зохион байгуулалтад оруулах уу гэдэг төр засгаас шийдэх асуудал. Хэрэв тусад нь зохион байгуулалтад оруулбал бидэнд илүү хэрэгтэй. Ажиллахад урамтай.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа Европын орнуудад 250-350 мянган ам.доллар, Энэтхэгт 100 мянган ам.доллар гэх мэт ханштай харагдсан. Манайд 60 сая төгрөг гэхээр газар тэнгэр шиг зөрүүтэй. Манай мэс заслын үнийг гадныхан дуулбал хямдхан гэж баярлахаасаа “Хэр найдвартай юм хийдэг нөхөд вэ” гэж эргэлзэхээр ч юм шиг?

-Бид анхнаасаа бизнесийн сэтгэлгээгээр хандаагүй. Өглөө долоон цагт манай багийнхан цуглаж, хүндээ ямар эмчилгээ, шинжилгээ хийх вэ гэдгээ ярилцаад, найм гэхэд тардаг. Яагаад гэвэл найман цагт ажил эхэлчихвэл бид дахин цуглаж ярилцах зав гардаггүй. Бүгд тус тусдаа ажилтай шүү дээ. Бусад газар бол эрхтэн шилжүүлэн суулгасныхаа төлбөрөөс багаараа цалинжиж явдаг. Гэтэл бид өдөр шөнө шиг ялгаатай байх нь аргагүй. Дөчин хүнийг цалинжуулбал хэдэн төгрөг гарах вэ. Гэтэл манай эмч нарын цалин хэд билээ. Бид түүгээрээ л цалинжиж явдаг. Тэр зөрүү гол нь энд гарч ирдэг. Бидний хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмж дэлхийн жишигт хүрчихсэн. АСАН төвд хэрэглэж байгаатай адил тоног төхөөрөмжийг бид 1,6 тэрбум төгрөгөөрөө авч чадсан. Өвчтөнд хүрдэг хэсгүүд нь дандаа нэг удаагийн хэрэглээ. Нэг хошуу нь л гэхэд мянга гаруй долларын үнэтэй. Эмнэлэг алдагдалд орохгүйн тулд хагалгааны үнийг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна.

-Хагалгаа хийлгэсэн хүмүүсийн бие ямар байгаа вэ. Зөвхөн хагалгаа хийгээд дуусахгүй. Мэс заслын дараахь эмчилгээ үйлчилгээ чухал байх?

-Хагалгааны дараа бүтэн сар манай багийнхан өглөө эрт ажил дээрээ ирнэ. Шөнийн бор хоногтоо гэртээ харина. Хагалгааны дараахь хяналтыг ялгаагүй манай багийн гишүүд өөрсдөө хийдэг. Бид долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр багийн хурал хийдэг. Энэ хурлаараа бүх хяналтад байгаа хүмүүсийнхээ шинжилгээг ярилцдаг. Уг нь хяналтын эмч нарын бүхэл бүтэн баг тусдаа ажиллах учиртай. Гэтэл бид ажлын бус цагаар энэ хүмүүсээ хянадаг. Ялангуяа хагалгааны дараахь эхний нэг сар нойргүй хонодог. Өвчтөнөө хянаад шинжилгээнд нь жаахан өөрчлөлт ороход дөрвөн цагийн дотор шалтгааныг нь олж засах ёстой байдаг учраас бүгд мэйлээр шинжилгээний дүнг хүлээж авна. Шинжилгээнд өөрчлөлт гарвал баг шөнө дунд ч байсан цуглахаар цэргийн зохион байгуулалттай. Бүгд утсаа хаахгүй, хагалгааны дараахь нэг сард багийн гишүүд хаашаа ч явахгүй. Хагалгаа хийлгэсний дараа эхний гурван сард долоо хоног бүр хянана. Түүний дараа 14 хоногт нэг удаа, сард нэг удаа болоод явдаг. Одоо хамгийн түвэгтэй юм юу гэхээр зөвхөн хорин хүн биш гадаадад элэг шилжүүлэн суулгасан 300 гаруй хүн бидэнд ханддаг. Тийм учраас зайлшгүй зохион байгуулалтад оруулж, тусгай хяналтын бүтэцтэй болгохгүй бол манай багийн хэдэн хүн энэ янзаараа удвал сөхөрч унах нь.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа тухайн хүн хэдэн жил насалдаг вэ?

-Элэг шилжүүлэн суулгасны дараа 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна гээд эмчдээ ирээд баярлаад явж байгаа тохиолдол Солонгост ч байдаг юм билээ. Тийм учраас хагалгааны дараа хүн өөртөө гамтай хандах ёстой. Эмээ таслахгүй уугаад явбал тэр хүн өдөрт нэг эм уудаг болохоос биш эрүүл хүнтэй адил байж чадна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын онцлог нь 100 хувийн хөдөлмөрийн чадвартай босч ирдэг.

-Элэг шилжүүлэн суулгасан сүүлийн хоёр тохиолдлыг харахад л насны хувьд маш залуу байна л даа. 35 настай эмэгтэй, 20 настай залуу байна. Яагаад ийм залуугаараа элэг шилжүүлэн суулгахдаа тулчихав. Монголчууд юун дээр алдаад байна вэ?

-Ер нь элэгний В, С вирусийн халдвар аваад, хяналтгүй, эмчилгээ муутай явбал 15-20 жилийн дараа элэгний хатуурал болдог эсвэл элэгний хорт хавдар болдог. Энэ л эмгэг жамаар явж ирсэн улсууд. Багадаа вирусийн халдвар авсан. Яалт ч үгүй элгийг нь солихоос өөр арга байхгүй.

-Мэс засал хийлгэсэн хүмүүс амьд донороос эрхтэн шилжүүлж авдаг. Донорын элэгний хэдэн хувийг авдаг вэ?

-Аль ч эрхтэн шилжүүлэн суулгахад амьд болон цогцосны донор гэж байдаг. Уг нь цогцосны донор байдаг бол эрсдэл багатай. Амьд донороос авна гэдэг хоёр хүний амь насны асуудал яригдана. Цогцосноос бол тархи нь үхэжсэн, зүрх нь цохилж байгаа хүнээс голцуу авах учиртай. Харамсалтай нь манайд цогцосны донорын асуудал шийдэгдээгүй. Бусад оронд бол бүх жолооч нар жолооны үнэмлэх дээрээ тусгай тэмдэглэгээтэй. Ослын улмаас нас барвал цогцосны донор болохыг зөвшөөрсөн гэсэн тэмдэглэгээ байдаг. Жолооны үнэмлэх дээрээ тэмдэглэгээтэй л бол нас барсан тохиолдолд эрхтэнг нь авах боломжтой. Скандинавын орнуудад бол нас барсан эрүүл хүн бүрийг донор болгоно гэсэн хуультай байдаг. Хүнд эрхтнээ бэлэглэнэ гэдэг дээд буян гээд бүх хүн ойлгодог. Харамсалтай нь манай хүмүүсийн сэтгэл санаа бэлтгэгдээгүй байна л даа.

-Манайд бол хамтааных нь хүн эцэг эх, ах дүүс нь донор болж байна. Монголчуудын төрөл садансаг онцлог байдаг байх?

-Солонгос, Япон зэрэг орнууд мөн адил цогцосны донорын олдоц цөөвтөр. Ихэвчлэн амьд донороос авдаг. Азийн улсууд их төрөлсөг. Бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй байдаг учраас эрхтнээ өгөхөөс татгалздаггүй. Бэлэглэлийн журмаар өгдөг. Донорын элэгнээс гуравны хоёр хувийг нь авдаг, гуравны нэг нь эзэндээ үлддэг.

-Донорын элэг ургаж төлждөг гэсэн үг үү?

-Эрүүл элэг гурван сарын дараа 80 хувь нь эргээд төлжчихдөг.

-В вирусийн эсрэг эмчилгээ үнэтэй гэлээ, С вирусийн асуудал бас яригдах уу?

-С вирустэй хүнд хараахан элэг шилжүүлэх хагалгаа хийгээгүй байгаа. С вирустэй хүнд эрхтэн шилжүүлэх хагалгааны техник адилхан. Хагалгааны дараахь менежмэнт нь арай жаахан өөр. Яагаад гэвэл хагалгааны дараа С вирусийн эсрэг интерферон тариаг хэрэглэхээр суулгасан элгийг ховхолчих гээд байдаг аюултай. Зарим улсууд 14 хоногийн дараа, энэтхэгүүд бол зургаан сарын дараа С вирусийн эсрэг эмчилгээгээ эхэлдэг. Гэтэл нөгөө хүний элэг тавигдлаа л бол цус гүйгээд, цусан доторх С вирус элгээ халдварлуулчих аюултай учраас С вирусийн хувьд нэлээд түвэгтэй. В вирусийн хувьд вирусийн эсрэг иммуноглобулин гарчихсан. Нэг элэг шилжүүлэн суулгахад 70 ширхэг иммуноглобулин ордог. Нэг ширхэг нь 350 долларын үнэтэй. Яг хагалгааны ширээн дээр өвчтэй элгийг авангуутаа В вирусийн эсрэг бэлдмэлээ хийгээд эхэлдэг. Цаашдаа бүтэн жил хэрэглэдэг учраас В вирус дахихгүй байх боломжтой.

-Танайд хагалгаанд орох шаардлагатай хэдэн хүн байгаа вэ?

-Бид зарлаагүй, жагсаалт ч гаргаагүй. Гэхдээ л одоогийн байдлаар өнөө маргаашгүй орчихож болохоор арав гаруй хүн байна. Хамгийн гол нь төлбөр мөнгөний асуудал бий. Яагаад гэвэл тухайн хүн 60 сая төгрөгөө халааснаасаа гаргаж төлдөг. Тухайн хүн насан туршдаа нийгмийн даатгал төлчихөөд, халааснаасаа энэ өндөр төлбөрийг гаргана гэдэг байж болшгүй асуудал. Бид өмнөх засгийн үед Даатгалын хууль яригдаж байх үед Эрүүл мэндийн даатгалын шинэ хуульд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдгийг оруулах гээд маш их хөөцөлдсөн. Өндөр үнэтэй мэс засал, өндөр өртөгтэй эмийн эмчилгээ гэдэг хоёр хэсэгт хувааж оруулъя гээд батлуулчихсан. Заалт нь батлагдчихсан. Гэтэл өнөөдөр Даатгалын хууль мөрдөгдөх болсон чинь эрхтэн шилжүүлэх суулгах мэс заслыг оруулахгүй гэдэг шийд гарчихаад байгаа.

-Нийгмийн даатгалд ачаалал дарамт үүсгэнэ гэсэн юм болов уу, манайхтай ойролцоо бусад оронд энэ асуудлыг яаж шийдсэн юм бол?

-Монголд жилд зуун хүн элэг солиулахгүй шүү дээ. Хорь, гучин хүн л солиулна. Нэг элэг солиулахад хэрэв даатгалаас ядаж 50 хувийн санхүүжилт өгчихдөг бол тухайн хүн ядуурахгүй. Ер нь элэг солиулах хагалгаанд орсон хүмүүс ядуурч байгаа. Хагалгаа хийлгэх гэж мөнгө төлнө, хагалгааны дараахь эмчилгээ гэж бий. Сар болгон 100 гаруй мянган төгрөгийн шинжилгээ хийлгэнэ. Сая гаруй төгрөгийн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Дээрээс нь зарим эмээ нэмж худалдаж авна. Ингэхээр хүн болгон сая 200-300 мянган төгрөг зөвхөн эмчилгээндээ зарцуулах чадал байгаа билүү гэдгийг шийдвэр гаргагчид бодолцох л ёстой. Солонгост 80 хувийг нь Эрүүл мэндийн даатгалаасаа төлдөг. ОХУ өндөр технологийг дэмжих утгаараа улсын төсвөөс даадаг. Ер нь хөгжсөн орнуудад бүгд улсын төсвөөс юм уу даатгалаасаа 80 хувийг даадаг. 20 хувийг нь үйлчлүүлэгч өөрөө төлдөг юм билээ.

-Нөгөө талаар манайхан гадаадад өндөр төлбөртэй эмчилгээг хийлгэж байна гэдэг эсрэгээрээ эмчилгээний өндөр төлбөрийг иргэн дааж чадахгүй байгаа тухай асуудал яригддаг. Үүний дундаж цэгийг яаж олох вэ?

-Хүн болгон эмчлүүлэх эрхтэй. Яг өнөөдөр тэр эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Ядуу хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хаана ч хийлгэж чадахгүй. Мөнгөтэй нэг нь 250 мянган доллараа бариад дэлхийн хаана ч очоод хийлгэчихэж байна. Мөнгөтэй хүмүүс нь сонголтоо хийг. Ядахдаа төлбөрийн чадвар багатай хүмүүс Монголдоо эмчлүүлэх боломж байх л ёстой.

-Шаардлагатай тоног төхөөрөмж байна уу?

-Бид 1,6 тэрбум төгрөгөөр бүх тоног төхөөрөмжөө хангалттай авч хүрээгүй. Зайлшгүй шаардлагатай том багажуудаа авахыг зорьсон. Одоо жишээлбэл судас хавчдаг жижиг багажууд байхгүй. Бид хагалгаа хийхдээ энд тэндхийн эмнэлгүүдээс гуйж аваад буцааж өгдөг.

-Хэрэв эрхтэн шилжүүлэх баг тусдаа гарвал тэдий хэмжээний төсөв шаардлагатай гэсэн тооцоо хийсэн үү?

-Нэг мэс засалд ойролцоогоор 90 сая төгрөгийн зардал гарч байна. Ажилласан баг хамт олны хөдөлмөрийн хөлс нэмэгдвэл ойлгомжтой. Бид ажлын өдөр энэ хагалгааг хийнэ гэхээр бүтэн хоёр хагалгааны өрөөг 24 цаг эзэмших хэрэгтэй болдог. Энэ эмнэлгийн хагалгааны өрөө цөөн, хагалгаа хүлээгдэлтэй байдаг. Тийм учраас бид амралтын өдөр ажилладаг. Зөвхөн илүү цагийн хөлс гээд тооцсон ч их тоо гарна. Ямар нэг байдлаар зохицуулалт хийхгүй бол энэ маягаар удвал үнэндээ хүмүүс маань туйлдаж байна.

Эх сурвалж: 2015.06.28 | https://dnn.mn/