Үүдэл эсийн банк байгуулснаар 280 гаруй төрлийн өвчнийг эмчлэх боломжтой

Монгол Улсад элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид бусад эрхтэнийг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийдэг болох шаардлага үүсч байна.  

Харин мэргэжилтнүүд, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж, амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж хэлж байна.

Түүнчлэн  үүдэл эсийн үндэсний банк байгуулбал цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтойг дуулгалаа. Эх сурвалжийн хэлснээр, ДЭМБ-аас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгчээ.

Эх сурвалж: 2017.12.22 | GoGo.mn